Бургастайн боомт сондгой сард амардаг учир мах экспортлоход бэрхшээл учруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-29 16:48:36

“Завхан хүнс” групп  энэ жил 2000 орчим тонн мах экспортлохоор бэлтгэжээ.

Бургастайн боомт тэгш тоотой саруудад нээгдээд, сондгой тоотой саруудад амардаг. Энэ нь махны экспортод бэрхшээл дагуулах учраас боомтыг байнгын ажиллагаатай болгож өгөх хүсэлтийг төр, засагтаа уламжилжээ. Энэ асуудал шийдэгдээд  амжвал энэ гуравдугаар сард, амжихгүй бол дөрөвдүгээр сард бэлтгэсэн махаа экспортод гаргах төлөвлөгөөтэй байна.

Завхан хүнс групп туршлагатай үйлдвэртэй

Завхан аймгийн “Завхан хүнс” групп нь Улиастай хотод байх мах боловсруулах үйлдвэрийг түшиглэн үйл ажиллагаагаа явуулдаг.

Германы техник, эдийн засгийн үндэслэлээр 1986 онд баригдсан, улсын хэмжээний махны үйлдвэрүүд дотроо хүчин чадлын хувьд хоёрдугаарт ордог үйлдвэр юм. Тус үйлдвэр Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Говь–Алтай, Ховд, Увс аймгуудаас жил бүр мах бэлтгэж ирсэн туршлагатай. Өнгөрсөн жил Завхан аймагт “Завхан нэгдэл” төсөл хэрэгжүүлж нийт малчин өрхийн 50 хувь хамрагджээ. Өнгөрсөн жилийн тухайд “Завхан нэгдэл” төслийн хүрээнд хамгийн боломжит өндөр үнэ ханшаар мах бэлтгэж, бэлтгэсэн махаа Хятад улсруу гаргахад бэлэн болоод байна. Энэ нь баруун таван аймгийн малчдын хувьд томоохон ирээдүй, эдийн засгийн боломж нээгдэж байна гэсэн үг хэмээн Завхан хүнс группээс мэдээлжээ.

60 мянган толгой малын махыг үйлдвэрийн аргаар бэлтгэжээ

“Завхан хүнс” групп нь Хятад улсруу мах экспортлох  бэлтгэл ажлаа 2014 оноос хийж эхэлжээ.

Тухайлбал өнгөрсөн оны мал тооллогоор Завхан аймаг гурван сая гаруй толгой мал тоолуулсан. Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махыг дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлэх, мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулж, малчдын амьжиргааг дээшлүүлэх нь чухал асуудал болоод байна. Иймээс Завхан аймгийн хөгжлийг мал аж ахуй дээр түшиглэн хөгжүүлэх хэд хэдэн үндэслэлээр бид “Завхан нэгдэл” төслийг эхлүүлсэн байна.

Анх 2014 онд Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийнхөнтэй хамтарч дээрх төслийг эхлүүлсэн бөгөөд дараа жилээс нь компанийн зүгээс дангаараа хэрэгжүүлж эхэлсэн байна.  Нийт аймгийн хэмжээгээр тоолуулсан мал сүргийн таван хувийг энэ төсөлд хамруулж  60 мянган толгой малын махыг бэлтгээд байна хэмээн Завхан хүнс группийн ерөнхийлөгч Б.Энхболд мэдээллээ.

Дашрамд дуулгахад Хятад улсруу мах гаргахад олон улсын стандарт шаардлага тавьж байгаа. Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн сав баглаа боодолтой байх, махаа үйлдвэрийн аргаар бэлтгэсан байх зэрэг  асуудлыг хоёр улсын мэргэжлийн хяналт, хорио цээр, эрүүл ахуйн байгууллагуудын хоорондын хамтарсан протоколын хүрээнд  тохиролцоод буй юм.

Завхан аймаг Б.Мягмарсүрэн

 

Related news