Олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд оролцох бүрэлдэхүүн тодорчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-30 10:12:04

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Парисын олимпын сүүлчийн эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн ирэх сарын 9-нд Туркийн Истанбул хотод болно.


Тус тэмцээнд оролцох манай улсын тамирчдын нэрийг Монголын чөлөөт бөхийн холбооноос зарлажээ. Бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 65 кг-д Т.Тулга, 74 кг-д О.Сүлдхүү, 97 кг-д Г.Ганхуяг, эмэгтэйчүүдийн Б.Хулан, 57 кг-д Б.Хонгорзул, 76 кг-д Э.Даваанасан нар зодоглоно. Түүнчлэн сонгомол бөхийн  60 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 97 кг-д Б.Бадамдорж нар дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлага дор олимпын эрхийн төлөө өрсөлдөх гэж байна.


Б.Мөнх-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн бөхийн чөлөөт барилдааны олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээнд амжилттай оролцож хагас шигшээд шалгарсан бол Б.Бадамдорж сонгомол бөхийн Азийн аваргад шагналт байр эзэлсэн юм.


Уг тэмцээнд оролцох тамирчдыг сорилт барилдаангүйгээр, холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар шийдвэрлэжээ. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн олимпын эрхийн тэмцээний өмнө Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нар эрхийн тэмцээн хоорондын зай шахуу хуваарьтай, сорил хийх хугацаа хангалтгүй байгаа тул эрхийн сүүлчийн тэмцээнд оролцох тамирчдыг Удирдах зөвлөлийн гишүүдийн санал хураалтаар шийдвэрлүүлэх хүсэлтийг холбоондоо ирүүлсэн байна. Энэ дагуу Удирдах зөвлөл тухайн сардаа хуралдаж, журмын нэмэлт өөрчлөлтийг баталсныг Монголын чөлөөт бөхийн холбооноос тайлбарлалаа.


Истанбулын тэмцээнээс эхний гурван байрт орсон тамирчид эрхээ авна. Олимпын эрхийн сүүлчийн тэмцээнд эмэгтэйчүүдийн зургаан жинд 22-29, эрэгтэйчүүдийн зургаан жинд 29-42 тамирчин зодоглохоор нэрээ өгсөн байна.

Related news