Нусейр Ясин алдарт эхийн одонт ээжүүд, монгол ноолуураар контент хийхээр Монголд ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-02 09:47:53

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дэлхийн алдартай контент бүтээгч “Nas Daily”-ийн үүсгэн байгуулагч Нусейр Ясин Монголд дахин иржээ.


Тэрбээр энэ жил “Nas Summit 2024” нөлөөлөгчдийн дээд хэмжээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Тодруулбал, “Nas Summit“ нөлөөлөгчдийн дээд хэмжээний хурал Улаанбаатар хотын “UG Arena цогцолборт ирэх бямба гарагт болох юм. Тус хуралд дэлхийд олон сая дагагчтай нийт 15 контент бүтээгч, нөлөөлөгч оролцох ажээ. Цахим орчинд 70 гаруй сая дагагчтай тус багийнхан энэ удаа “Алдарт эхийн одон”, Монголын хүчит эрчүүд, ноолуурын талаар контент хийхээр төлөвлөсөн байна.


Ясин ярихдаа “Би зуны улиралд илүү дуртай. Энэ удаа бид монгол ээжүүдэд олгодог одонгийн тухай контент хийнэ. Монголын хүн амыг өсгөхийн тулд Засгийн газраас нь дэмжиж, монгол эмэгтэйчүүдэд одон өгдөг юм байна. Алдарт ээжүүдийг алдаршуулахыг хүссэн. Мөн ноолуур, Монголын алдарт хүчит эрчүүд, амар амгалан байдлын талаар ч контент хийх санаатай. Монгол орон бол өөр. Ихэнх улсад ижил төстэй зүйл их байдаг. Харин Монгол бол бусдаас онцгой орон юм. Би ганцаараа ирээгүй. Цахим орчинд алдартай 10 гаруй инфлүүзертэй ирсэн. Тэд Япон, Солонгос, Малайз, Сингапур зэрэг орноос зорин ирсэн юм. Тэд Монголын тухай видео контент хийж, Монголыг сурталчилна” гэв.

Related news