Туркийн байр суурийг АНУ дэмжив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-01 10:18:25

ВАШИНГТОН. /NHK/. Манай сөнөөгч онгоц гал нээхээс өмнө ОХУ-ын бөмбөгдөгч онгоц Туркийн агаарын хилийг зөрчсөн байсан гэж тус улс мэдэгдсэнийг АНУ-ын Засгийн газар дэмжив.

Турк болон АНУ-ын нотлох баримтаас үзвэл, ОХУ-ын бөмбөгдөгч онгоц Туркийн агаарын хилийг зөрчсөн байна гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Элизабет Трюдо мэдэгджээ.

Мөн тэрбээр, ОХУ болон Турк энэ байдлыг намжаах арга хэмжээ авч, нээлттэй яриа хэлцээ хийх нь нэн чухал юм гэж мэдэгдэв.

ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг сөнөөсөн нь хууль ёсны байсан гэж Турк үзэж байгаа бол ОХУ уучлалт гуйхыг шаардаж, Туркт эдийн засгийн хориг арга хэмжээ авсан байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд анхаарлаа хандуулахыг хоёр улсад уриалах төлөвтэй байна. Тэрбээр өчигдөр эхэлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын үеэр Путинтай уулзсан бол өнөөдөр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзана.

Д.Нямтулга

 

Related news