АДБХОБ жил бүр 15 тэрбум хүртэл долларын зээл олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2015-12-02 13:00:37

БЭЭЖИН. /TASS/. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк /АДБХОБ/ ойрын таван жилийн хугацаанд жил бүр 10-15 тэрбум хүртэл долларын зээл олгоно. Энэ тухай тус банкны ерөнхийлөгч Зинь Лицюнь мэдэгджээ. Тэрбээр чухам ямар төслүүдэд давуу эрх олгох талаар дурдаагүй байна.

Мэдээллийн "Жэньминь ван" цахим хуудсанд мэдээлж буйгаар, банкны ажилд оролцох орнуудын тоог нэмэгдүүлэх нь чухал болохыг Зинь Лицюнь цохон тэмдэглэжээ. “Дэлхийн 30 орчим орон АДБХОБ-ны гишүүнчлэлийн статус авах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь хөрөнгийнх нь хэмжээг нэмэгдүүлнэ” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, зөвхөн Европын орнууд идэвхтэй оролцсон тохиолдолд АДБХОБ амжилттай хөгжинө. “Банк зөвхөн Азийн орнуудаар хязгаарлагдах ёсгүй бөгөөд Европын орнууд нэгдсэн тохиолдолд амжилттай ажиллана” гэж Зинь Лицюнь үзэж байна. Ингэхдээ тэрбээр АДБХОБ нь ганцхан Хятадын эзэмшлийнх бус харин үүсгэн байгуулагч бүх орны эзэмшлийнх гэдгийг дурджээ.

АДБХОБ-ийг “Торгоны замын эдийн засгийн бүс” үзэл баримтлалын хүрээнд дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор Хятадын санаачилгаар үүсгэн байгуулсан билээ. Олон улсын энэ санхүүгийн хүрээлэнг байгуулах тухай гэрээнд тус банкийг үүсгэн байгуулагч 50 орны төлөөлөгчид зургадугаар сарын 29-нд Хятадын нийслэл Бээжин хотод гарын үсэг зурсан юм.

Д.Жаргал

 

Related news