Олон улсын Эрүүгийн шүүхийн шүүгчээр Монгол Улсын төлөөлөл оролцох талаар ярилцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-07 18:18:02

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Ч.Хосбаяр нар Нидерландын Вант Улсын Гааг хотноо 2015 оны 11 дүгээр сарын 18-наас 26-ны өдөр зохион байгуулагдсан Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гишүүн орнуудын чуулган 14 дэх удаагийн хуралдаанд  оролцоод ирсэн юм.

Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм нь Олон улсын байнгын ажиллагаатай эрүүгийн шүүхийг байгуулах тухай  олон улсын гэрээ бөгөөд 1998 онд Ром хотод анх батлагдаж 2002 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм. Монгол Улс Ромын Дүрмийг  2002 онд  соёрхон баталж ОЭУШ-ийг үүсгэн байгуулагч 60 улсын тоонд багтсан аж. 123 орныг эгнээндээ нэгтгээд буй Ромын дүрмээр гишүүн улсууд төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, эзлэн түрэмгийлэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дотооддоо шүүн тасалж, ял шийтгэл оногдуулан эдлүүлэх, ингэх боломжгүй бол Олон улсын эрүүгийн шүүхэд уг этгээдийг шилжүүлэн өгөх үүрэг хүлээдэг байна. Энэ удаагийн хуралдаанаар Шүүхийн үйл ажиллагааны ерөнхий тайлан болон зарим зөвлөл, хорооны тайланг сонсож,  нэр бүхий зөвлөл болон хорооны зарим гишүүдийг сонгожээ. Мөн эзлэн түрэмгийлэх гэмт хэргийг Олон Улсын Эрүүгийн шүүхийн  харьяалалд шилжүүлэх тухай Кампаллагийн нэмэлт өөрчлөлтөд нэгдэх үйл ажиллагааг идэвхжүүлэх тухай, Терроризмийн гэмт хэргийг Олон Улсын шүүхийн харъяалалд шилжүүлэхийн ач холбогдлын тухай, Хүний эрхийн ноцтой зөрчлийн эсрэг тэмцэх, эдгээр хэргүүдийг илрүүлэх, шүүн таслахад иргэний нийгмийн үүрэг, ач холбогдлыг нэмэгдүүлэх тухай зэрэг анхаарал татсан асуудлуудыг салбар хуралдаануудаар авч хэлэлцсэн байна. Түүнчлэн Олон Улсын Эрүүгийн шүүх дэх өмгөөллийн үйл ажиллагааг бэхжүүлэх, бие даасан байгууллага байгуулах санаачлагыг дэмжих, тус шүүхийн харьяаллын хэргүүдийг шүүн таслах, ял оногдуулах үндсэн стандарт тогтоох, Олон Улсын Эрүүгийн шүүхийн болон гишүүн улсуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай, зарим улсын нутаг дэвсгэрт Олон Улсын Эрүүгийн шүүхийн захирамж, тогтоолуудыг биелүүлэхэд учраад буй бэрхшээл, саадыг арилгах арга замын тухай асуудлууд яригджээ. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Ч.Хосбаяр нар ОУЭШ-ийн ерөнхийлөгч Силвиа Фернандес дө Гурмэнди, Чуулганы ерөнхийлөгч Сидики Каба нартай биечлэн уулзаж, Монгол Улсын шүүгчид анх удаа чуулганд оролцож буйг дурдаад Ромын дүрмээр хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэх талаар үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан хичээн ажиллаж буйгаа илэрхийлсэн байна.

Мөн тус шүүхэд өмгөөлөгчөөр ажилладаг монгол улсын  иргэн Н.Орчлонтой уулзаж, Монгол Улсын төлөөлөл тус шүүхийн шүүгчээр сонгогдох боломж, арга замын талаар ярилцжээ. Манай хоёр шүүгч 8 өдрийн хуралдаанд оролцож, Монгол Улсад хэрэгжиж буй шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэхэд хэрэг болох үнэтэй санаа, зөвлөмжүүдийг авчирсан байна. Уг хуралд оролцсон Т.Уранцэцэг, Ч.Хосбаяр нар ийнхүү мэдээлэл өгсөн юм.

Ж.Батсайхан

Related news