Турк-ОХУ-ын хурцадмал харилцаа сөрөг үр дагавартай гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-08 11:27:41

АНКАРА. /Anadolu/. Хэрвээ Турк-ОХУ-ын хурцадмал харилцаа газар авсаар байвал гарах үр дагавар сөрөг байна Турк сануулжээ.

Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Оросын “ТАСС" агентлагт ярилцлага өгөхдөө, Туркт авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахыг уриалаад, “байдлыг улам хурцатгахын оронд тайван замаар хоёр улсын харилцааг хэвийн түвшинд хүргэх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн сард ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг Туркийн цэргийнхэн сөнөөсөн хэрэгтэй холбогдуулан тэрбээр, хоёр улсын харилцаанд сэв суулгаж, сөрөг үр дагавар бий болгосон уг хэргийг мартаж болохгүй гэж мэдэгдэв.

Өнгөрсөн сарын 24-нд Сирийн ойролцоох Туркийн хилийг зөрчсөн ОХУ-ын “Су-24” бөмбөгдөгч онгоцыг Туркийн “F-16” сөнөөгч онгоц устгасан билээ. Уг хэрэгтэй холбогдуулан ОХУ Туркт эдийн засгийн хориг арга хэмжээ авч, хоёр улсын хооронд визгүй зорчих журмыг цуцалсан байна. Мөн Туркт аялахгүй байхыг ОХУ иргэддээ уриалжээ.

"Манай хоёр улсын харилцаанд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлдэг байсан. Хэдэн жил хичээж бий болгосон нягт харилцаагаа уг хэргийн улмаас гажуудуулах нь буруу гэж бид бодож байна" гэж тэрбээр хэлэв.

Мөн тэрбээр, ОХУ-ын авсан арга хэмжээнд хангалттай үндэслэл байхгүй байна гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Related news