Монгол туургатны боксын анхдугаар их наадам 3 өдөр үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-08 12:00:16

Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг /World Mongolians Global Association/ санаачлан Монголын боксын холбоо дэмжин, хамтран зохион байгуулах Монгол туургатны боксын анхдугаар их наадам энэ сарын 12-14-нд Улаанбаатар хотноо болно.

Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах уг тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Монгол Улсын 18-40 насны шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу оролцоно. Тэмцээн 49 кг, 52 кг, 56 кг, 64 кг, 69 кг гэсэн нийт 6 жинд болох бөгөөд жин тус бүрт Монгол Улсаас 4 бусад улсаас 1 тамирчин оролцоно.

Тэмцээний шагналын сан нь Азийн орнуудын дунд зохион байгуулсан тэмцээнүүдээс өндөрт тооцогдох мөнгөн шагналтай юм. Тухайлбал, зургаан жин тус бүрд цомын эздийг тодруулна. Гран при шагналын эзэн 750 крат сорьцтой шилжин явах алтан цомыг гардах бол жин тус бүрт эхний байруудад 1500-500 ам.долларын мөнгөн шагналтай. Тэмцээнийг зохион байгуулах комиссын даргаар Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууган ажиллаж байгаа юм. Дэлхийн 196 орныг өөрийн холбоондоо нэгтгэсэн боксын спортыг Монгол туургатан дор өргөн дэлгэрүүлэн хөгжүүлж, таниулан сурталчлахаар ийнхүү Монгол туургатны боксын анхдугаар тэмцээнийг хийх болсон талаараа зохион байгуулагчид онцоллоо.

Дэлхийн 196 орныг өөрийн холбоондоо нэгтгэсэн боксын спортыг Монгол туургатан дор өргөнөөр дэлгэрүүлэн хөгжүүлэх, таниулан сурталчлах, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, шилдэг тамирчдын залуу халааг бэлтгэх улмаар олон улс, тив, дэлхийн хэмжээнд болон “РИО 2016” болон “ТОКИО 2020” олимпийн наадамд тухайн орныхоо нэрийг мандуулахаас гадна “Монгол хүн” гэдэг нэрийг Дэлхийн хэмжээнд дуурсгаж Монгол туургатан хүн бүхнийг нэгэн сэтгэлд эвлэлдэн нэгдүүлэх зорилготой.
Хөтөлбөр: 12 дугаар сарын 11-нд Тулаанд хүч үзэх баг тамирчдыг хүлээн авч, оройн 20 цагаас Техникийн зөвлөгөөнийг зохион байгуулна.
12 дугаар сарын 12-нд: 07-08 цагт нэгдсэн жин үзлэг, 09-10 цагт сугалаа, 13 цагт: Урьдчилсан тулаанд 24 хос тоглоно.
12 дугаар сарын 13-нд жин үзлэг 07-07 цаг 30 минутанд болно. Өдөр 15 цагт хагас шигшээ тулаан эхэлж 12 хос тулалдана,
12 дугаар сарын 14-нд жин үзлэг 07.00-07 цаг 30 минутанд болж, үдээс хойш 16 цагт шигшээ тулаан эхэлнэ.

Энэхүү тулааны хүрэл медалийн төлөө 6 хос, алтан медалийн төлөө 6 хос хүч, ур чадвараа сорих юм. Тэмцээнд AIBA дүрмийн дагуу 1975-1996 оны хооронд төрсөн 19-40 насны тамирчид оролцоно. Мөн Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу тоглолт 3 минутаар 3 раунд тулаан үргэлжилж ялагчийг тодруулна.

Монгол туургатны боксын анхдугаар их наадмын хэвлэлийн бага хурал энэ сарын 11-ний өдрийн 13 цагт Чингис хаан зочид буудлын хурлын танхимд болно.

Д.Өлзий

 

Related news