Сонгуулийн хууль гацаанд орох нь

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-08 15:51:51

Улс төрийн намууд ойлголцолд хүрч чадахгүйгээс шалтгаалан Сонгуулийн тухай хууль гацаанд орох магадлалтай боллоо.

УИХ-д өргөн барьсан Сонгуулийн тухай дөрвөн хуулийг хэлэлцэхийг УИХ-ын чуулганы 11 дүгээр сарын 20-ний хуралдаанаар дэмжсэн. Үүнээс хойш Х.Тэмүүжин нарын хуулиас бусад гурван хуулийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдаад 10 гаруй хоног өнгөрч байна. УИХ энэ хуулийг 12 дугаар сарын 25-наас өмнө батлах боломж байгаа ч намын бүлгүүд ойлголцолд хүрч чадахгүйгээс хэлэлцүүлэг хойшилсоор байгаа юм.

Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлэг Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулахыг эсэргүүцэж, санал тоологч автомат машин дээр гар аргаар хяналтын тооллого хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Харин АН-ын бүлэг сонгуулиудыг нэгэн зэрэг явуулснаар төсөв хэмнэнэ хэмээн үзэж байгаа бөгөөд хэрэв МАН-ын бүлэгтэй ойлголцолд хүрч чадахгүй бол Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг хойшлуулж, Улс төрийн намын тухай хуулийг эхэлж хэлэлцэх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн.

Харин МАН-ын бүлэг “УИХ-ын 76 мандатад 700 гаруй хүн нэр дэвшдэг. Хэрэв Нийслэл, аймаг, сумын ИТХ-ын сонгуультай хамтатгавал 7800 мандат дээр 25 мянган хүн нэр дэвшинэ. Нэг нэр дэвшигчийн ард доод тал нь 50 хүн байна гэж үзвэл нэг сая хүн сонгуульд оролцох нь. Саналын хуудас ч гэсэн нэг метр орчим байх шаардлагатай болно. Тэгэхээр ямар ч боломжгүй харагдаж байна” гэж тайлбарлаж байгаа. Тиймээс АН-ын бүлэгтэй зөвшилцөх боломжгүй, хэрэв Сонгуулийн хуулийг хойшлуулбал дараагийн арга хэмжээг авах болно гэж мэдэгдсэн.

Ингээд хоёр намын үл ойлголцол, зөвшилцөлд хүрч чадахгүй байгаагаас үүдэн Сонгуулийн хууль хэсэг хугацаанд хэлцэгдэх боломжгүй болох магадлалтай байна. 

Н.Гантуяа

Related news