Өлзийт суманд 50 гаруй мянган мал отроор өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-08 20:52:06

Нийт нутгаар цасан бүрхүүл тогтоод байгаа энэ үед зүүн урд, урд захаараа цас нимгэн, зарим хэсгээрээ бараан байгаа Өлзийт сумыг оторчид чиглэжээ.

Одоогийн байдлаар тус сумын нутагт өөрийн аймгийн 5 сумаас 50 гаруй мянган мал, мөн Өмнөговь аймгийн Баян-Овоо, Номгон сумаас малчид оторлон өвөлжиж байгааг сумын Засаг дарга И.Эрдэнэбилэг хэллээ.

Харин Өлзийт сумын малчдын хувьд өнгөрсөн жилийн намар эрт оторт гарч байсан бол өнөө жил нутагтаа суурьшин өвөлжиж байгаа ажээ.

Тус сумын ЗДТГ мал сүргийнхээ тооллогыг эхлүүлж, сумын удирдлагуудаар ахлуулсан ажлын хэсэг малчин өрхүүдээрээ орж яваа бөгөөд энэ үеэр оторлон өвөлжиж байгаа малчин өрх, хүн ам, байршил, малын тоог давхар нарийн гаргах юм байна. Ингэснээр оторчдод төрийн үйлчилгээ хүргэх нөхцлийг бүрдүүлэх юм байна.

Одоогийн байдлаар цасны зузаан нутгийн ихэнх хэсгээр 6 орчим см, сумын хойд хэсгээр зарим газраа 10-15 см байгаа бөгөөд 12 дугаар сар гарсаар нэмж цас ороогүй гэдгийг сумын Засаг дарга хэллээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news