Путин: Хар хайрцгийн мэдээлэл үнэнийг илчилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-09 09:43:21

МОСКВА. /Sputnik/. Оросын “Су-24” бөмбөгдөгч онгоц Сирийн агаарын орон зайд байхад Турк халдсан гэдгийг онгоцны хар хайрцгийн мэдээлэл нотолно гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэв.

Орос, Сирийн хамтарсан хүчин олж авсан хар хайрцгийг Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Ерөнхийлөгчид үзүүлсэн байна.

“Миний ойлгож буйгаар, “Су-24” бөмбөгдөгч онгоц хөөрснөөс эхлээд осолдсон хүртэлх замыг тодорхойлох боломжийг хар хайрцгийн мэдээлэл бидэнд өгөх юм. Тэгэхээр бид бөмбөгдөгч онгоц хаана байсныг, хаана байхад нь Туркийн Агаарын хүчин итгэл эвдэн унагаасныг олж мэднэ” гэж Путин хэлсэн байна.

Олон улсын мэргэжилтнүүдийн дэргэд хар хайрцгийг нээх хэрэгтэй гэж Путин хэлжээ.

Арваннэгдүгээр сарын 24-нд Туркийн Агаарын хүчин буудан унагасан, Оросын “Су-24” бөмбөгдөгч онгоцны хар хайрцгийг хайж, авчрах ажиллагаанд оролцсон бүх хүмүүст Путин талархал илэрхийлжээ.

Х.Аминаа

 

Related news