“Өндөр наран” орд 12.4 тонн алтны нөөцтэй

СӨҮЛ. /BUSINESS WIRE/. Монголын Засгийн газрын зэс, алтны “Өндөр наран” төсөл 12.4 тонн алтны нөөцтэй гэж Өмнөд Солонгост төвтэй “Freegood Mines” компани мэдэгдэв.

“Өндөр наран” нь Монголын өмнөд нутаг дахь зэс, алтны орд газрыг хөгжүүлэх төсөл юм. Уг орд газар порфирын зэсийн ордууд, тэр дундаа, алтны дөрвөн ордтой ажээ.

Алтны дөрвөн ордын баруун хэсгийн улаан судалд 68 цооног гаргаж, 11 мянган метр өрөмдлөг хийж, 12.4 тонн алтны нөөцтэй болохыг тогтоолоо гэж “Freegood Mines” компанийн гүйцэтгэх захирал Сук Мин О мэдэгдэв.

Үлдсэн гурван ордын өрөмдлөгийн ажил дуусах үед тогтоосон нөөц нэмэгдэж, 30 тонн хүрч магадгүй бөгөөд энэ төсөл “Рио Тинто” компанийн хэрэгжүүлж байгаа алт, зэсийн асар том “Оюутолгой” ордын өөр нэгэн хувилбар болно гэж тэрбээр үзэж байна.

Арилжааны олборлолтыг эхлэхээс өмнө “Freegood Mines” компани гадаадын зөвлөгөөний компаниудтай хамтран бүтцийн өөрчлөлт хийх, Хонконгт хувьцаа гаргах тухай төлөвлөгөөг бэлтгэж байна.

Мөн санхүү болон техникийн дэмжлэгийн чиглэлээр олон улсын уул уурхайн компаниудтай стратегийн түншлэл байгуулах асуудлыг “Freegood Mines” хэлэлцэж байна.

Д.Нямтулга