Дэлхийн валютуудтай харьцах долларын ханш өсч байна

МОСКВА. /RIA Novosti/. Пүрэв гарагийн арилжааны явцад америк долларын дэлхийн хэд хэдэн валюттай харьцах ханш эрс өсч байгааг арилжааны мэдээлэл харуулжээ. Энэ нь Америкийн хөдөлмөрийн зах зээлийн байдлын талаарх нааштай шинэ мэдээлэл болон тус улсын Холбооны нөөцийн систем /төв банк/ мөнгөний бодлогын хүүг хэвийн болгох бодлогоо үргэлжлүүлнэ гэсэн хөрөнгө оруулагчдын найдвар хүлээлттэй холбоотой байна.

Пүрэв гарагийн арилжааны явцад долларын индекс /АНУ-ын худалдааны гол түнш болох зургаан орны валютын сагстай харьдаг долларын ханш/ 0.13 хувиар өсч 98.31 нэгж болсон байна. Харин доллартай харьцах еврогийн ханш өмнөх өдрийн арилжааны явцад 1.0869 нэгжээс 1.0861 нэгж болж буурчээ. Иентэй харьцах долларын ханш өмнөх өдрийн арилжаа дуусахад 113.47 нэгжээс 114.07 болж өссөн байна.

Дүн шинжилгээний “Automatic Data Processing” компани /ADP/ урьд нь АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээллийг нийтэлжээ. Тус байгууллагын тайлан мэдээнээс үзвэл, нэгдүгээр сарынхтай харьцуулахад хоёрдугаар сард Америкийн хувийн компаниудад ажлын байр 214 мянгаар нэмэгдсэн байна. Шинжээчид уг үзүүлэлтийг 190 мянгаар нэмэгдэнэ гэж урьдчилан таамаглаж байжээ.

Үүнээс гадна, “ADP” компанийн мэдээлснээр, өнгөрсөн сард барилгын хувийн компаниудад ажиллагсдын тоо 27 мянгаар нэмэгдсэн бол үйлдвэрлэлийн салбарт ажил эрхлэгчдийн тоо 9000 мянгаар буурсан байна. Жижиг, дунд бизнесийн салбарт 76 мянган ажлын байр, дундаж компаниудын салбарт 62 мянга, томоохон компаниудад 76 мянган ажлын байр бий болгожээ.

АНУ-ын Холбооны нөөцийн системийн бодлогын хүүг нэмэгдүүлэх гол нөхцөлүүдийн нэг нь хэзээд хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээлэл байсан билээ. Ийнхүү “ADP” компанийн эерэг мэдээлэл нь Америкийн төв банк бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлнэ гэсэн найдварыг хөрөнгө оруулагчдад төрүүлж байна. Бодлогын хүүг нэмэгдүүлснээр, доллар цаашид улам чангарах юм.

Д.Жаргал