Евро-2016: Хэн, хэдийг хүртэв?

СЕН-ДЕНИ. /TASS/. Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнд /ЕАШТ/ улсынх нь шигшээ баг түрүүлсний учир Португалын Хөлбөмбөгийн холбоо УЕФА-гаас 25,5 сая еврогийн мөнгөн шагнал авахаар болжээ. Харин шувтаргын тоглолтод португалчуудад 1:0-оор хожигдсон Францын баг 23,5 сая евро авах юм.  

Тус тэмцээнд оролцсон 24 баг ЕАШТ-нд оролцсоныхоо төлөө тус бүр 8 сая евро хүртэж байгаа ажэ. Үүн дээр нэмж, хэсгийн тоглолтод хожил авах бүрт 1 сая евро, тэнцсэн тохиолдолд 500 мянган еврогийн шагнал авдаг байна. Харин плей-оффын шатанд хожсон багуудад тусгайлан бонус олгохгүй бөгөөд үүний оронд 1/8 шигшээд шалгарсан багууд тус бүрт 1,5 сая евро, ¼-д шалгарсан баг тус бүрт 2,5 сая евро, хагас шигшээд тоглосон багуудад 4 сая евро нэмж өгчээ.

Үүнээс улбаалан тооцоо хийхэд, финалд ялалт байгуулсан португалчууд 8 сая евро, тэдэнд хожигдсон Францын баг 5 сая евро тус тус авсан байна.

Ингээд нийт дүнгээр хэн, хэдэн еврогийн орлого олов гэдгийг тооцож үзье.

ЕАШТ-нд анх удаагаа аваргалсан Португалын шигшээ баг - 25,5 сая,

францчууд - 23,5 сая еврогийн урамшуулал хүртсэнийг дээр дурдсан билээ.

хагас шигшээд тоглосон

Германы баг -18,5 сая

Уэльс – 18 сая

¼ шигшээд шалгарсан

Польш – 14,5 сая

Бельги -14 сая

Исланд- 14 сая

Итали- 14 сая

Шилдэг 16-д шалгарсан 

Хорват- 12 сая,

Унгар – 11,5 сая

Англи – 11,5 сая

Испани – 11,5 сая

Швейцарь – 11,5 сая

Словак -11 сая

Ирланд -11 сая

Умард Ирланд -10,5 сая еврогийн мөнгөн урамшууллыг тус тус хүртсэн байна.

Хэсэгтээ хамгийн сүүлчийн байрт орсон Оросын шигшээ багт 8,5 сая еврогийн шагнал хүртээжээ. Тодруулбал, тус баг ЕАШТ-нд оролцсоныхоо төлөө 8 сая, англичуудтай хийсэн тоглолтод тэнцээ хийсэн учир 500 мянган евро авсан гэсэн үг юм. Оросуудтай адил хэмжээний мөнгийг Румын, Швед, Чех, Австрийн багууд хүртсэн бол Турк, Албанийн хөлбөмбөгийн холбоодод тус бүр 9 саяыг, Украины Хөлбөмбөгийн холбоонд 8 сая еврог шилжүүлсэн байна.  

Нийт дүнгээрээ ЕАШТ-ний шагналын сан 301 сая евро болжээ. Харьцуулан дурдахад, 2012 онд Польш болон Украинд болсон тивийн аваргын тэмцээнд оролцсон багуудад урамшуулал болгон 196 сая евро олгож байсан бол 2008 онд Австри, Швейцарьт болсон ЕАШТ-нд оролцогчид 184 сая еврогийн бонус хүртэж байжээ.

Б.Адъяахүү