Аргентинд аварга том солир олджээ

БУЭНОС-АЙРЕС. /АР/. Аргентинд 30 орчим тонн жинтэй солир олджээ. Судлаачдын тодорхойлсноор, энэ нь дэлхийн түүхэнд олдож байсан хамгийн том солируудын нэг гэнэ.

Солирыг Аргентины хойд нутгийн Чако мужаас олж илрүүлсэн аж. Орон нутгийн Одон орон судлалын холбооны судлаачид уг солирыг энэ сарын 10-нд кранаар татаж гаргажээ.

Солир олдсон газарт одоогоос 4000 гаруй жилийн өмнө солирын бороо орж, олон тооны тогоо үүсгэж байжээ.

Үүнээс өмнө, Африкийн Намиби улсад дэлхий дээрх хамгийн том буюу 66 тонн жинтэй солир олдож байсан байна.

Аргентинаас олдсон энэ солир нь дэлхийд хоёрдугаарт орох том солир байж магадгүй юм.

Г.Доржханд