Х.Клинтон цөмийн зэвсэгтэй холбоотой нууцыг задруулсан байж магадгүй

НЬЮ-ЙОРК. /TASS/. Лхагва гарагт Лас-Вегаст болсон мэтгэлцээний үеэр Хиллари Клинтон Америкийн цөмийн зэвсгийн нөөцтэй холбоотой нууц мэдээллийг задруулсан байж болзошгүй гэж "Фокс ньюс" телевизийн суваг үзэж байна.

Мэтгэлцээний үеэр Клинтон хэлэхдээ “АНУ-ын цөмийн зэвсгийн хяналтыг Дональд Трампт найдан орхиж болохгүй” гэжээ.

“Ерөнхийлөгч тушаал өгснөөс хойш цөмийн зэвсгийг ажиллагаанд оруулах хүртэл дөрөвхөн минутын хугацаа хэрэгтэй байдаг. Ийм учраас зэвсгийг ажиллагаанд оруулах явдлыг хариуцаж буй 10 хүн цөмийн кодыг Трампт итгэж өгч олгохгүй, цөмийн товчлуур дээр дарах тал дээр түүнд итгэхгүй гэдгээ олон нийтийн өмнө мэдэгдсэн билээ” гэж Хиллари Клинтон ярьсан байна.

Харин "Фокс ньюс"-ийн үзэж байгаагаар, цөмийн хариу цохилт өгөхөд шаардагдах хугацаа гэдэг нь  “маш нууц”-ын зэрэглэлтэй мэдээлэлд багтдаг ажээ.

АНУ-ын зэвсэгт хүчний Африкийн командлалд ажиллаж байсан Дон Магуайр хэлэхдээ “4 минут гэдэг нь үнэн үү, худлаа юу гэдэг нь чухал биш, хамгийн гол нь цөмийн хариу цохилттой холбоотой бүх мэдээлэл нууцлагдсан байх ёстой” гэлээ. Түүний дүгнэн хэлснээр, Клинтон Төрийн нарийн бичгийн даргын хувиар мэдээлэлд ойр байснаа ашиглан хүмүүст гүнзгий сэтгэгдэл төрүүлэхийг оролдсон аж.

Харин Клинтоны сонгуулийн штаб мэдэгдэхдээ “түүний хэлсэн үгэнд цөмийн зэвсгийн нөөцтэй холбоотой шинэ содон мэдээлэл огт байхгүй, ийм мэдээлэл өмнө нь эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдэд олонтоо дурдагдаж байсан” гэжээ.  

Үүний хариуд Америкийн тагнуулын албаны зарим шинжээчид хэлэхдээ “цөмийн хариу цохилтын хугацааны талаар эрдэм шинжилгээний нийтлэлүүдэд дурдагдсан байлаа ч гэсэн өмнө нь нууц мэдээлэлд нэвтрэх эрхтэй байсан албан тушаалтнууд тухайн мэдээллийг ашиглан  олон нийтийн өмнө ярих эрхгүй” гэсэн байна.

Б.Адъяахүү