“MH17”-гийн хэргийн буруутныг хариуцлагад татах шүүх байгуулна

СИНГАПУР. /TASS/. Малайзын эрх баригчид Донбасст сүйрсэн “Boeing” онгоцны ослын буруутныг олж хариуцлагад татахын тулд Австрали, Бельги, Нидерланд болон Украинтай хамтран олон улсын шүүх байгуулах тухай гэрээ байгуулахаар ажиллаж байна. Энэ тухай тус улсын Тээврийн сайд Лиоу Тионг Лай Нидерландын Аюулгүй байдлын зөвлөлийн нийтэлсэн тайлангийн талаар тайлбар өгөхдөө мэдэгджээ.

“НҮБ-ын ивээл дор  олон улсын шүүх байгуулахад хориг тавьж магадгүй. Гэхдээ шударга ёсны төлөөх бидний тэмцэл дуусах болоогүй” гэж тэрбээр хэлсэн байна.

“Малайз улс  ослын шалтгааныг мөрдөн шалгах олон улсын багийн түншүүдтэйгээ хамтран болсон явдлын буруутнуудыг хариуцлагад татах үр дүнтэй механизмыг бий болгох зорилгоор хараат бус олон улсын шүүх байгуулах тухай гэрээг боловсруулж байна” гэж Лиоу Тионг Лай цохон тэмдэглэжээ.

Малайзын агаарын тээврийн компанийн “Boeing 777” онгоц өнгөрсөн оны долдугаар сарын 17-нд Донецк мужид осолдсон юм. Амстердамаас Куала-Лумпурын чиглэлд MH-17 дугаар нислэгийг үйлдэж байсан уг онгоцонд сууж явсан 283 зорчигч, багийн гишүүн болох 15 хүн бүгд амиа алдсан билээ. Нидерландуудын нийтэлсэн мөрдөн шалгалтын дүнгээс үзвэл, онгоц Украины зүүн нутгийн 320 хавтгай дөрвөлжин км газраас харвасан “Бук” цогцолборын “9Н314M” цэнэгт хошуу бүхий “9М38” пуужинд оногдож сүйрчээ.

Д.Жаргал