Монголоор дамжих транзит тээвэрлэлтийг нэмэгдүүлэх сонирхолтой байна

МОСКВА./Sputnik/.“Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/хувь нийлүүлсэн нийгэмлэгээр /ХНН/ дамжуулан транзит тээвэр буюу дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа “Оросын төмөр зам” /РЖД/ ХНН-ийн Ерөнхийлөгч Олег Белозеров Москва хотноо Монголын Зам, тээвэр хөгжлийн сайд Д.Ганбаттай уулзах үеэрээ илэрхийллээ.

Орос-Монголын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн хувьцааны 50 хувийг “Оросын төмөр зам” эзэмшдэг юм.

“РЖД”-гийн мэдэгдсэнээр, О.Белозеров, Д.Ганбат нар “УБТЗ”-ын үйл ажиллагаа болон хэтийн төлөв, тухайлбал Орос-Монгол-Хятадын эдийн засгийн зурвас байгуулах хөтөлбөр, дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх Монголын боломжийг өргөжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Мөн Орос-Монгол-Хятадын эдийн засгийн зурвас бий болгохын тулд гурван талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй байна гэдэг дээр тэд санал нэгджээ.

“УБТЗ”-д шинэчлэлт хийх хүчин чармайлт нь тус байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлж, Монголын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнүүдийг тээвэрлэх, Хятад, Орос болон Европ хоорондын транзит тээврийг хөхиүлэн дэмжих юм.

Уулзалтын төгсгөлд О.Белозеров, Д.Ганбат нар 2015 оны ажлын гүйцэтгэлийг батлах, Орос болон Монголд ногдол ашгийг хуваарилах тухай асуудлыг хэлэлцсэн “УБТЗ” ХНН-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан байна.

Г.Доржханд