Чингис хаан даяаршлын эцэг мөн үү?

ВАШИНГТОН. /ozy.com/.Монголд очвол та нэгэн хүнээс яагаад ч холдож чадахгүй. Тэр хүн бол тус улсын бэлгэ тэмдэг. Тэр бол Чингис хаан. Нийслэл Улаанбаатар хотод “Чингис”-гүй юм гэж үгүй. Та "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд буугаад, Чингисийн талбай руу явах замд байдаг Чингисийн өргөн чөлөөний Чингис хаан банкаар үйлчлүүлж болно. Тус хот дахь гадаадын иргэдэд зориулсан “Их Хаан” гэдэг ирланд паб-д ороод та “Чингис” гэдэг алдартай архийг захиалан ууж болно.

Монголчууд хааныхаа тухай бахдан ярьдаг бөгөөд Улаанбаатар хотоос 50 гаруй км зайтай орших үзэсгэлэнт талд Чингис хааны 40 м өндөр морьт цогцолбор бий. Чингис хаан Евразийг хэрхэн байлдан дагуулсан түүхийг мэдэхийг хүссэн жуулчид энэ морьт хөшөөний морины толгойн дээр нь гарч үзэх боломжтой.

Барууныхны хувьд түүхэн дэх хамгийн харгис бөгөөд хүмүүсийг үй олноор нь хөнөөсөн байлдан дагуулагч гэгддэг энэ эрхмийг яагаад бүгд хүндлэн дээдэлнэ вэ? Энэ бол зүгээр ч нэг үндсэрхэг үзэл биш. Орчин цагийн Монгол оронд Чингис хааны тухай ойлголт бидний сургуульд үзсэнээс эрс ялгаатай. Тэрбээр хүчирхэг дипломат бодлого баримтлан  нэг тугийн дор дайсагнагч овог аймгуудыг нэгтгэсэн бөгөөд шашны эрх чөлөө болон дипломат халдашгүй дархан эрхийг хүндэтгэх зарчимд тулгуурласан түүний эзэнт гүрэнд хамгийн анхны паспорт болон кредит картыг ашиглаж, олон улсын худалдааг хөнгөвчилж, сургуулиуд байгуулж байжээ. Тэр ч байтугай анхны тив дамнасан шуудангийн үйлчилгээг нэвтрүүлж байсан байна.

Чингис хаан бол “миний мэдэх энэ дэлхийн хамгийн аугаа байлдан дагуулагч байсан” гэж түүхч-шастирч Франк МакЛинн бичжээ. Чингисийн удирдлага дор монголчууд 25 жилийн хугацаанд ромчуудын дөрвөн зууны хугацаанд эзэлснээс ч илүү өргөн уудам газар нутаг болон олон хүнийг эрхшээлдээ оруулжээ.

Их хаан таалал төгссөний дараа монголчууд Ази тив, Ойрхи Дорнодыг бараг бүхэлд нь хамарсан, баруун талаараа Төв Европ, зүүн талаараа Индонез хүртэл сунасан түүхэн дэх хамгийн том эзэнт гүрнийг бий болгож чадсан.

Европчууд урьд өмнө нь монголчуудтай огт харьцаж байгаагүй үед буюу XIII зууны дунд үед “үл мэдэх хэлтэй үл таних дайсан Орос, Украин болон Унгарын хотуудыг сүйтгэж байна” гэсэн яриа өвсөнд ассан түймэр мэт хурдтай тархаж байв. Английн шастирч Мэтью Паис 1240 онд тэр дайсныг “Сатаны аймшигт бөөн сүрэг... тэднийг хүн гэхээс илүүтэйгээр мангасууд гэвэл зохилтой. Тэд ам нь цангахаараа цус уудаг” гэж тодорхойлон бичсэнийг Жек Уэтэрфорд “Чингис хаан ба орчин цагийн дэлхий ертөнц бий болсон нь” номондоо иш татсан байдаг.

Чингис хаан амьд сэрүүн байхдаа өөрийнх нь тухай бичиж тэмдэглэхийг зөвшөөрдөггүй байжээ. Харин түүнийг таалал төгссөний дараа “Монголын нууц товчоо”  /МНТ/ гэдэг түүхэн зохиолыг бичин үлдээжээ. Монголын эзэнт гүрнийг судалдаг түүхч Ж.Уэтэрфорд тайлбарлахдаа “МНТ хэдэн зууны турш сураггүй байсан боловч хожим нь XX зууны үед үүнийг олж, тайлж уншиж, хөрвүүлсэн” гэв. Гэхдээ тэр үед Чингис хаан ба түүний хүмүүсийг “зэрлэг балмад амьтад” гэж үздэг байсан Европ, Перс болон Хятадын эрдэмтэн судлаачдын бичиж үлдээсэн баримт бичгүүдийн ачаар хүмүүс хэдийн Чингис хааны тухай ойлголттой болсон байв.

Өөрөөр хэлбэл, Их хааны түүхийг ялагчид бус ялагдсан хүмүүс бичжээ. Хэдэн зуун жилийн дараа, монголчуудаас айж эмээдэг болон үзэн яддаг хүмүүс монголчуудыг кавказуудаас илүүтэйгээр орангутантай адилхан гэж доромжлон “Монгол буюу Ази гаралтай монголоид хүмүүс” гэсэн “шинжлэх ухаан”-ын ангиллыг бий болгосон нь зүгээр ч нэг тохиолдлын хэрэг биш юм. Хожим нь дауны синдромтой буюу оюун ухааны хомсдолтой хүмүүсийн тухай ярихад “монголоид” гэдэг үгийг ашиглах болсон билээ.

“Монголчуудын байлдан дагууллын үеэр яг юу болсныг мэдэх, хэлэх боломжгүй. Гэхдээ дайснуудаа “айлган сүрдүүлэхийн тулд” хэт харгис үйлдэл хийдэг гэсэн цуу  яриаг тэд өөрсдөө санаатайгаар тараасан байж болох юм” гэж АНУ-ын Йелийн менежментийн сургуулийн декан, “From Silk to Silicon” номыг зохиогч Жеффри Гартен бичжээ. Уг номонд Чингис хааныг “даяаршлын эцэг” гэж дүрсэлсэн байдаг. Мөн “Чингис хаан дайснуудаа амьдаар нь чанадаг”, "дайснуудынхаа гавлын ясаар аяга хийгээд түүндээ ус хийж уудаг” зэрэг домог яриа ч энэ номонд багтжээ.

Ж.Уэтэрфордын бодлоор, монголчуудын эзлэн түрэмгийллийн үед амь үрэгдсэн энгийн номхон иргэдийн тоог “нэгийг 10 болгох” гэсэн зарчмаар хэт дөвийлгөн ярьдаг байж магадгүй. Мөн “хотуудын оршин суугчдад бууж өгөх, үхлээс хэлтрэх боломжийг монголчууд олгодог байсан” гэж тэрбээр үзэж байна. Харин Монголын худалдааны элчийг тамлан зовоож, хөнөөж, дипломат халдашгүй дархан эрхэд халдсан тохиолдолд л монголчууд хариугаа аван гэмт этгээдүүдийг устгадаг байсан гэж тэрбээр хэлэв. Мөн XIII зуунд хүчирхийлэл үйлдэж, зэрлэг балмад аашлах нь амьдрах нэгэн арга зам байсан бололтой. Монголчууд дөхөн ирж байна гэсэн мэдээг айж мэгдсэн христийн шашинтнууд сонсоод "еврейчүүд Сатаны гамшгийг авчирлаа" гэж үзэн Европ даяар еврейчүүдийг цэвэрлэх ажиллагаа явуулж байжээ.

Чингис хаан ба түүнийг залгамжлагчдын санаачилсан чөлөөт худалдааны олон улсын сүлжээнүүд нь дэлхий ертөнцийг өөрчилсөн билээ. Хэвлэлийн цаас, дарь, луужин зэргийг Монголын худалдааны сүлжээнүүдээр дамжуулан Европт авчирсан гэж судлаач Гартен онцлон дурдсан байна. Барууны мэдлэг оюун “түүхэн үнэн”-ийг сөхөх тал дээр төгс бус учраас Чингис хааны хувьд "дахин засварласан түүх"-ийн баатар болж магадгүй юм гэж Английн судлаач Жеймс Уоткинс бичжээ. /2016.11.29/

//http://www.ozy.com/flashback/genghis-khan-the-father-of-globalization/71997#.WE1fqZLr8oQ.twitter/                                                                     

 Г.Доржханд