Хятад, Монгол ба Далай лам: Энэтхэг улс ямар дүгнэлт хийж болох вэ?

ШИНЭ ДЕЛИ. /AsiaTimes/. Алс холын Монголд Далай ламын саяхан хийсэн айлчлал Монгол-Хятадын харилцаанд ан цав суулгалаа.

Хүн ам сийрэг суурьшсан, далайд гарцгүй Монгол Улс нь урд талаараа Хятадтай, хойд талаараа Оростой хиллэдэг. Монгол болон Хятад тусгаар тогтнохоос өмнө маш таагүй харилцаатай байсан. Чингис хааны ач хүү болох Хубилай хаан бүх Хятадыг байлдан дагуулж, 1279 онд Юань гүрнийг байгуулсан юм. Үүний нэгэн адил 1368 онд Мин гүрний үед хятадууд монголчуудыг Хятадаас хөөн гаргаж, монголчуудыг Хятадад дахин оруулахгүйн тулд Цагаан хэрмийг барьжээ.

1911 онд Чин гүрэн мөхсөний дараа БНХУ байгуулагдаж, Монгол Улс тусгаар тогтнолоо тунхагласан. Үүнээс хойш Хятад-Монголын харилцаа мэдэгдэхүйц сайжирсан бөгөөд Хүйтэн дайн дууссаны дараа улам бэхэжсэн билээ. 1994 онд байгуулсан  “Найрсаг харилцаа, хамтын ажиллагаа”-ны гэрээ нь Хятад улсыг Монголын худалдаа, эдийн засаг болон стратегийн чухал түнш болоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.

Нэгдүгээрт, аливаа нэг улсын эдийн засаг нь бусад улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлж байгаагаас хамааралтай байдаг. Монгол бол газарзүйн хувьд ОХУ ба БНХАУ гэсэн хоёр их гүрний дунд хавчуулагдан оршдог улс. 1979 онд эдийн засгийн шинэчлэлт хийснээс хойш эрчимтэй өсч буй Хятадын эдийн засгаас Монголын эдийн засаг ихээхэн хамааралтай байна. Хоёрдугаарт,  аж үйлдвэржилт болон хотжилт хурдацтай явагдаж байгаа учраас Хятад улс Монголд элбэг байдаг нүүрс, алт, зэс зэрэг ашигт малтмалуудыг худалдан авах сонирхолтой байна. Үүнтэй холбоотойгоор Хятад улс Монголын уул уурхайн салбарт  хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байна. Эдгээр шалтгаан нь Хятад-Монголын харилцаа “стратегийн түншлэл”-ээс “стратегийн иж бүрэн түншлэл”-д шилжихэд голлон нөлөөлсөн гэхэд хилсдэхгүй.

Гэсэн хэдий ч Далай лам саяхан Монголд айлчилсантай холбоотойгоор Хятад-Монголын харилцаанд хагарал үүсээд байна. Хятад улс эсэргүүцлээ илэрхийлсээр байсан боловч Түвдийн шашны удирдагч Далай лам Монголд дөрвөн хоногийн айлчлал хийсэн юм. Бээжин Далай ламыг Хятад улсын хяналтад байдаг Түвдийг Бээжингээс тусгаарлахыг хүсч буй “салан тусгаарлагч” бөгөөд “орхимж нөмөрсөн чоно” гэж үздэг. Далай ламыг хүлээж авахгүй байхыг Бээжингийн зүгээс Монголын талд нэг бус удаа анхааруулсан боловч Улаанбаатар анхааруулгыг үл тоон, түүнийг урьдын адил улс орондоо хүлээн авсан юм. Далай лам Монголын сүм хийдүүдэд зочилж, сүсэгтэн олонд ном айлдаж, Бурхны шашны эрдэм шинжилгээний хуралд оролцсон билээ.

Бээжин энэ айлчлалтай холбоотойгоор хариу арга хэмжээ авах нь ойлгомжтой байсан.

Хятад-Монголын хилийн томоохон боомт болох Гашуунсухайтын боомтоор хоёр улсын хооронд тээвэрлэж байгаа ашигт малтмалд Хятад улсын талаас шинээр хураамж ногдуулсан. Мөн эдийн засгийн хямралаас гарахын тулд хоёр талын түншүүд болон олон улсын байгууллагуудаас яаралтай зээл, тусламж авахыг оролдож байгаа Монголын хувьд чухал ач холбогдолтой хоёр талын бүх уулзалт, хэлэлцээг БНХАУ цуцалсан билээ. Эдийн засгийн хүндрэлээс гарч, томоохон төслүүдээ урагшлуулахын тулд Монгол Улс БНХАУ-аас зээл авахыг эрмэлзэж байгаа юм.

Хятад улс Далай ламын айлчлалтай холбоотойгоор Монголын эсрэг хариу арга хэмжээ авсны улмаас Монголын тал Энэтхэгээс тусламж хүсэхэд хүрчээ. Энэтхэг, Монгол хоёр бол эртний нягт харилцаатай улсууд юм. Ялангуяа, 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчилснаас хойш хоёр улсын харилцаа улам бэхэжсэн билээ.

Хятадын авсан хариу арга хэмжээг эсэргүүцэн Монголд туслах ажлыг эрчимжүүлнэ гэсэн дохиог Энэтхэгийн зүгээс өгсөн. Энэтхэгийн ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Викас Сваруп хэлэхдээ “манай улс энэ хүнд хэцүү цаг үед Монголын ард түмэнтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.  Хятадын талтай үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхэд туслахыг Монголоос Энэтхэгт суугаа Элчин сайд Г.Ганболд хүссэний дараа Энэтхэгийн ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч дээрх мэдэгдлийг хийсэн билээ. Энэ нь Бээжин дэд бүтцийг өргөжүүлэн тэлэхийн тулд “Нэг бүс ба Нэг зам”, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Хятад-Пакистаны эдийн засгийн зурвас зэрэг томоохон санаачилгуудыг хэрэгжүүлж байгаа энэ үед Ази дахь Энэтхэгийн гео-стратегийн тоглолтод нэгэн шинэ чиглэлийг бий болгож байна.

БНХАУ болон ОХУ гэсэн хоёр “жинхэнэ” хөршөөсөө бусад улстай харилцаагаа бэхжүүлэхийн тулд Монгол улс “гуравдагч хөрш”-ийн бодлого хэрэгжүүлж байгаа гэдгийг Энэтхэг сайн бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Энэтхэг санаачилгыг гартаа бүрэн авахаас гадна дипломат харилцааны талаарх бодлогоо шинэчлэхэд няхуур болгоомжтой хандах хэрэгтэй. Ялангуяа, өөрийн хөрш Хятадыг “сольж, өөрчлөх” гэсэн “аймшиггүй” алхам хийхийг оролдож болохгүй. Хамгийн гол нь, алс холын улс орнуудтай, тэдгээрийн дотор Монголтой харилцаагаа бэхжүүлэн гео-стратегийн томоохон тоглолт хийх нь ойрын хөрш Хятадтай харилцаа хөндийрөхөд хүргэнэ гэдгийг Энэтхэг улс мэдэж байх хэрэгтэй юм гэж Энэтхэгийн Сикким их сургуульд Олон улсын харилцааны чиглэлээр докторын зэрэг горилж буй Пема Цетен бичжээ. /2016.12.14/

/ http://www.atimes.com/china-mongolia-dalai-lama-india-can-learn//

Г.Доржханд