Гадаадаас яаралтай санхүүжилт авахгүй бол Монгол Улс дампуурч магадгүй

ВАШИНГТОН. /cnbc/. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ-тай шөргөөцөлдөх нь ямар ч улсад ашиггүй гэдэг нь ойлгомжтой хэрэг. Эдийн засгийн хүндрэлд ороод байгаа Монголын хувьд ийм асуудлын улмаас өрийн хямралд орж, дампуурч болзошгүй дээрээ тулаад байна.

2016 онд эдийн засгийн өсөлт нь бараг тэг хувьтай гарч, төсвийн алдагдал нь ДНБ-ий 20 хувьд хүрэх төлөвтэй байгаа Төв Азийн Монгол Улс өр зээлээ буцаан төлөхийн тулд ирэх онд гадаад улс орнуудаас зээл авах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Харин тус улсад хөнгөлөлттэй зээл олгож магадгүй цорын ганц улс нь БНХАУ болоод байна гэж улс төрийн эрсдлийн асуудлаар зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхэлдэг “Eurasia” групп үзэж байна.

Хятад улсын дарга Си Зиньпиний засаг захиргаа энэ асуудлаар өмнө нь хэлэлцээ хийж эхэлсэн боловч хоёр улсын хооронд саяхан үүссэн асуудлын улмаас хэлэлцээ хойшлогдсон юм. Үүний улмаас энэ оны гуравдугаар сард Монголын Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.долларын бондын өрийг Улаанбаатар эргэн төлж чадахгүйд хүрэх эрсдэл үүсээд байна.

“Хятадын талаас хэлэлцээг хойшлуулсны улмаас Монгол Улс ирэх хавар гэхэд “дампуурах” эрсдэл бий” гэж “Eurasia” группын ахлах шинжээч Эмили Стромкист хэлэв.

Түвдийн бурхны шашны удирдагч Далай лам өнгөрсөн сард Монголд айлчилсан нь Бээжингийн дургүйцлийг хүргэж, Монголын ашигт малтмалын тээвэрлэлтэд Хятадын талаас шинээр хураамж ногдуулж, хилийн гол боомтыг түр хаасан юм. “Гэхдээ энэ явдлаас хойш хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг эс тооцвол Хятадын тал бүх хэлэлцээг үргэлжлүүлж байсан” гэдгийг Э.Стромкист дурдлаа.

1951 оноос хойш Хятад улс Түвдийг улс орныхоо нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үзэх болсон юм. Харин Далай лам Гималайн бүс нутгийг хоёр хуваахыг оролдож байна гэж Бээжин үзэж байгаа юм. Харин XIV Далай лам Дэнзэнжамц “би Түвдийг тусгаар тогтносон улс болгохыг оролдоогүй” гэж нэг бус удаа мэдэгдэж байв.

Шинжээч Э.Стромкист хэлэхдээ “Хятад улс хөнгөлөлттэй зээлийн асуудлаарх хэлэлцээг сэргээнэ гэдэгт Монголын тал найдсан хэвээр байна. Гэхдээ хүлээгээд суулгүй санхүүжилтын өөр хувилбаруудын эрэлд гарах хэрэгтэй. Тухайлбал, Хятадын санал болгож байсан хүүтэй багатай зээлийг хөөцөлдөх хэрэгтэй” гэв.

Монголын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын засгийн газар тусламж хүсэн бусад улс орнуудад хандсаар байгаа хэдий ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна.

Шинжээч хэлэхдээ “Сингапуртай өмнө нь хэлэлцээ хийсэн боловч бүтэлгүйтсэн. Учир нь, Сингапурын зээлийн нөхцлийг хэтэрхий хязгаарлагдмал бөгөөд хүү нь хэтэрхий өндөр байна гэж Монголын тал үзсэн. Мөн Япон улс санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн билээ. Харин Монгол Улс оролцооны стандарт дүрэм журмуудыг дагаж мөрдсөн тохиолдолд зөвхөн Азийн Хөгжлийн банк, ОУВС зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан тусламж дэмжлэг үзүүлэхээ Токио мэдэгдсэн “гэлээ.

Түүний хэлснээр, Монголын зүгээс тусламж хүсэн холбоо барьсан улсуудын дотор АНЭУ, ОХУ болон Энэтхэг зэрэг улс байна. Гэхдээ эдгээр улс БНХАУ-аас ялгаатай нь Монголд таатай нөхцлөөр зээл олгохгүй байж магадгүй. Мөн эдгээр улс Монголд туслахыг төдийлөн эрмэлзэхгүй байна.

ОУВС-тай Стэндбай хөтөлбөрт ирэх хоёрдугаар сараас хамрагдах талаар ярьж байгаа боловч энэ нь зээлийн эргэн төлөлтийг хангаж чадахгүй юм.

“Хятадтай ойрын хугацаанд хэлэлцээ хийж эхлэхгүй бол, өөр улс орнуудаас санхүүгийн тусламж авч чадахгүй бол Монгол өрийн хямралд орж дампуурах эрсдэлд орно” гэж шинжээч Э.Стромкист дүгнэжээ. /2016.11.20/

/http://www.cnbc.com/2016/12/20/mongolia-may-default-in-2017-without-urge...

Г.Доржханд