Тайванийн ерөнхийлөгчийг БНХАУ шүүмжлэв

БЭЭЖИН. /Xinhua/. АНУ-ын Бүгд найрамдах намын /БНН/ хууль тогтоогчидтой уулзсан Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнийг БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч шүүмжиллээ.

“Нэг Хятад” бодлогыг баримтлахыг АНУ-д хандан БНХАУ уриалж байна гэж хэвлэлийн төлөөлөгч Лу Кан мэдэгджээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “БНХАУ-АНУ хоорондын харилцааг сэвтүүлэхгүй байх, Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулахгүйн тулд Тайванийн асуудалд АНУ зохих ёсны дагуу хандах хэрэгтэй” гэжээ.

Тайванийн удирдагч болон АНУ-ын Засгийн газрыг төлөөлсөн хүмүүс хоорондоо харилцахыг Хятад улс ямагт эрс эсэргүүцэх болно гэж тэрбээр хэлээд “Тайвань бол БНХАУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг” гэжээ.

Америк тивийн улсуудад айлчлал хийхээр явах замдаа Тайванийн Ерөнхийлөгч АНУ-д түр саатаж, БНН-аас сонгогдсон нөлөө бүхий хууль тогтоогчид, тэдний дотор Сенатын гишүүн Тед Крузтай өчигдөр уулзсан юм.

Г.Доржханд