Өмнөд Солонгосын арми өндөржүүлсэн бэлэн байдалд оржээ

СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгос тив алгасах баллистик пуужин харваж болзошгүй байгаатай холбоотойгоор Өмнөд Солонгосын арми өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна. 

Удирдагч Ким Жөн Ун тушаал өгсөн тохиолдолд тив алгасах баллистик пуужинг хэзээ ч, хаашаа ч харваж магадгүй гэж өнгөрсөн ням гарагт Умард Солонгосын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм.

Үүнээс өмнө Ким  ард түмэндээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ “цөмийн цэнэгт хошуу бүхий тив алгасах баллистик пуужин турших бэлтгэл ажил сүүлчийн шатандаа орсон” гэсэн билээ.

Үүнтэй холботойгоор Өмнөд Солонгосын армийн Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны  хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Умард Солонгосын саяхан хийсэн мэдэгдэл нь үнэний ортой байж магадгүй гэж манай холбогдох албаны хүмүүс үзэж байна. Умардын үйлдэл хөдөлгөөн бүрийг анхааралтай ажиглаж байна” гэв.

Хэвлэлийн төлөөлөгч цааш нь хэлэхдээ “Умардын тив алгасах баллистик пуужингийн технологи тодорхой түвшинд хүрсэн байх магадлалтай” гэлээ.

Мөн Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны албаны хүн мэдэгдэл хийхдээ “Д.Трампын тангараг өргөх ёслолоос өмнө Пхеньянд хандах хандлагыг нь өөрчлөхийн тулд АНУ-д шахалт үзүүлэхийг Умард Солонгос оролдож байна” гэжээ.

Г.Доржханд