Афганистаны парламентын ордны ойролцоо дэлбэрэлт болсны улмаас олон хүн амь үрэгджээ

КАБУЛ. /ВВС/. Кабул хотод парламентын ордны ойролцоо хоёр удаа дэлбэрэлт болсны улмаас наад зах нь 22 хүн амь үрэгдэж, 70 хүн шархадлаа гэж Афганистаны албаны хүмүүс мэдэгдлээ.

Энэ халдлага өнөөдөр ажил тарах оргил цагийн үеэр болсон байна.

Халдлагыг хэн, ямар бүлэглэл үйлдсэн нь хараахан тодорхойгүй байна.

Хохирогчдын ихэнх нь иргэд, тэдний дотор парламентын ордны ажилтнууд ажээ.

Нэгэн этгээд амиа золиослон дэлбэрэлт үйлдсэний дараа машин дэлбэрсэн гэсэн мэдээлэл байна.

Парламентын гишүүдийг онилон эдгээр дэлбэрэлтийг үйлдсэн нь илэрхий байна гэж Афганистаны холбогдох албаны хүмүүс хэлээд, “сүүлийн хэдэн сарын хугацаанд Кабулд ийм олон хүний аминд хүрсэн халдлага, дэлбэрэлт болоогүй” гэв.

Г.Доржханд