Өмнөд Солонгосын Ерөнхий сайд хүлээцтэй байхыг уриаллаа

СӨҮЛ. /Yonhap/. Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийн цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүд буюу “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн асуудлаар 2015 онд байгуулсан хэлэлцээрийг Токио болон Сөүл харилцан хүндэтгэж, энэ эмэгтэйчүүдэд зориулсан хөшөөний асуудлын тухайд хүлээцтэй байх хэрэгтэй гэж Өмнөд Солонгосын Ерөнхий сайд хэллээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж буй Хван Кё Ан мягмар гарагт засгийн газрын хуралдааны үеэр хэлэхдээ “хөшөөний асуудлын улмаас хоёр талын харилцаа улам хурцдаж болзошгүй гэж сэтгэл түгшиж байна” гэжээ.

Өмнөд Солонгосын иргэний нийгмийн нэгэн байгууллага өнгөрсөн 12 дугаар сарын сүүлчээр Бусан хот дахь Японы Ерөнхий Консулын газрын өмнө “зугаацуулагч эмэгтэйчүүд”-д зориулсан хөшөөг байрлуулсныг эсэргүүцэн Япон улс Сөүлээс дипломатчдаа эгүүлэн татаад байгааг тэрбээр дурдсан байна.

Цаашид бид хоёр талын харилцааг хөндийрүүлэхэд хүргэж болзошгүй үг хэлж, үйлдэл хийхээс татгалзах хэрэгтэй гэж Хван Кё Ан онцлон дурджээ.

Г.Доржханд