Даниэль Ортега гуравдахь удаагаа Ерөнхийлөгчийн албыг хашна

МЕХИКО./TASS/. Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон сонгуулиар Никарагуа улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Даниэль Ортега-гийн тангараг өргөх ёслол өчигдөр боллоо. Тэрбээр төрийн тэргүүнээр гуравдахь удаагаа сонгогдож байгаа юм.

Дэд Ерөнхийлөгчөөр түүний гэргий Росарио Мурильо ажиллах ажээ.  

Никарагуа улсын нийслэл Манагуа хотын Хувьсгалын талбайд ёслолын ажиллагаа болсон байна. Уг ёслолд Венесуэль, Гондурас, Сальвадор улсын Ерөнхийлөгч нар, Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь болон Куба, Доминикан улсын төлөөлөгчид оролцжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон иргэдийн 72 хувь нь Ортегаг дэмжсэн байна. Түүний гол өрсөлдөгч болох Максимино Родригес /Үндсэн хуулийн либерал нам/ 15 хувийн санал авчээ.

Тус улсын Үндсэн хуульд зааснаар, Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгчийг 5 жилийн хугацаагаар сонгодог байна.

Даниэль Ортега дарангуйлагч А.Сомосын дэглэмийн эсрэг зэвсэгт тэмцлийг удирдаж байсан бөгөөд 1985 онд анх Ерөнхийлөгчөөр сонгогджээ. 2007 онд хоёрдахь удаагаа төрийн тэргүүнээр сонгогдсон байна. Түүний удирдлага дор никарагуачууд 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулжээ. 2009-2014 оны хугацаанд тус улсад ядуурлын түвшин 42,5 хувиас 29,6 хувь болж буурчээ.

Б.Адъяахүү