Гурван дэлгэцтэй компьютерын туршилтын загвар хулгайд алдагджээ

ЛОНДОН./BBC/. Тоглоом тоглоход зориулсан гурван дэлгэц бүхий зөөврийн компьютерынн хоёр ширхэг туршилтын загварыг Лас-Вегас хотод болж буй хэрэглээний цахим төхөөрөмжийн CES олон улсын үзэсгэлэнгийн үеэр хулгайлсан хэрэг гарчээ. Энэ тухай уг компьютерыг зохион бүтээсэн "Razer" компани мэдэгдлээ.

Хулгайч нарыг илрүүлэн баривчлахад тус болох мэдээлэл өгсөн хүнийг 25 мянган доллароор шагнана гэдгийг тус компанийн төлөөлөгч Мин Лян Тан зарлав.

“Бид энэ технологийг боловсруулахын тулд олон сарын турш ажилласан. Бидний компьютерыг хулгайлсан нь луйврын хэрэг” гэж тэрбээр хэлсэн байна.

Хулгай гарахаас сэргийлэн янз бүрийн нарийн арга сэдсээр байсан хэдий ч гурван дэлгэцтэй нөүтбүүк алга болсон нь тун хачирхалтай явдал боллоо.  

"Project Valerie" гэдэг энэ шинэ лэптоп бол дэлхий дээрх цорын ганц ийм төрлийн зөөврийн компьютер юм. Нэмэлт хоёр дэлгэц нь автоматаар дэлгэгддэг ба гурван дэлгэц бүгд 43 см-ийн голчтой ажээ.  

"Razer" компанийн энэ бүтээгдэхүүн худалдаанд гараагүй байгаа боловч хэрэглэгчид нийгмийн сүлжээгээр өөрсдийн санал бодлыг илэрхийлсээр байна. Зарим хүмүүсийн хувьд энэ нь тоглоомын ертөнцөд гарсан жинхэнэ тэсрэлт бол зарим нь дүгнэхдээ, эрчим хүч ихээр зарцуулдаг, овор ихтэй дэмий зүйл гэжээ.

Түүгээр ч барахгүй зарим интернэт хэрэглэгчид "компьютер хулгайд алдагдсан гэх дуулианыг "Razer" компанийнхан бүтээгдэхүүнээ сурталчлахын тулд зориудаар өөрсдөө дэгдээсэн" гэж үзэж байна

Г.Доржханд