Д.Трамп анх удаагаа хэвлэлийн бага хурал хийв

НЬЮ-ЙОРК. /VOA/. Бусад улс оронтой хийж байгаа худалдааны тэнцвэргүй байдлыг арилгаж, үндэсний ашиг сонирхлыг эн тэргүүнд тавина гэж АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп онцлон тэмдэглэжээ.

Тэрбээр лхагва гарагт Нью-Йорк хотноо “Trump Tower” цамхагт хэвлэлийн бага хурал хийсэн байна. Энэ нь түүний хувьд өнгөрсөн оны долдугаар сар болон сонгуульд ялснаас хойш хийсэн анхны хэвлэлийн бага хурал юм.

Тус улсын бусад оронтой байгуулсан худалдааны гэрээ хэлэлцээрүүдийг тэрбээр “гамшиг” гэж тодорхойлжээ. Хятад, Япон, Мексик болон бусад улстай хийж буй худалдаанаас АНУ ихээхэн алдагдал хүлээж байна гэж тэрбээр шүүмжилсэн байна.

Зарим компани, тэдгээрийн дотор Мексикт үйлдвэр барих төлөвлөгөөгөө цуцалсан “Ford Motor” компанийг тэрбээр сайшаагаад “би ажлын байрыг хамгийн ихээр нэмэгдүүлэх болно” гэжээ.

Тэрбээр сэтгүүлчдэд “ОХУ-тай хэрхэн зохицон харьцахыг би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ би  үүнийг хийж чадна” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн сонгуулийн үеэр Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтон болон тус намын албаны хүмүүсийн компьютеруудыг Москва хакердсан гэж АНУ-ын тагнуулын байгууллага мэдэгдсэнтэй холбогдуулан Д.Трамп хэлэхдээ “Орос улс кибер халдлагад холбоотой” гэжээ.

Үүний сацуу тэрбээр Ардчилсан намынхныг буруушаагаад “тэд өөрсдөө хакердаад өгөөч гэж байгаа мэт задгай байсан” гэж хэлсэн байна.

Г.Доржханд