Иран улс 37 жилийн дараа шинэ нисэх онгоцтой боллоо

ТЕГЕРАН./IRNA/. Францын нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компаниас анхны арилжааны нисэх онгоцыг Иран улс лхагва гарагт албан ёсоор хүлээн авчээ.

Ираны иргэний агаарын тээврийн “Iran Air” компани хуучирсан нисэх онгоцуудыг шинэчлэх ажлын хүрээнд захиалсан 100 нисэх онгоцныхоо эхнийхийг хүлээн авсан нь энэ юм.

“Iran Air” компанийн гүйцэтгэх захирал Фархад Парвареш хэлэхдээ “өнөөдөр Ираны иргэний агаарын тээврийн түүхэнд тодоор бичигдэх өдөр болж байна” гэжээ.

Иран улс сүүлийн 37 жилийн хугацаанд анх удаагаа шинэ нисэх онгоцтой болж байгаа нь энэ билээ. Одоо тус улсын иргэний агаарын тээврийн компаниудын нислэг үйлдэж байгаа онгоцуудыг 1979 оны Лалын хувьсгалаас өмнө худалдан авч байжээ.

“Airbus” компаниас 18 тэрбум доллароор 100 нисэх онгоц худалдан авах хэлэлцээрийг өнгөрсөн оны 12 дугаар сард эцэслэн байгуулсан юм.  Эдгээр онгоцны 7-8-ыг нь 2017 онд хүлээн авах аж.

Иран улс цөмийн хөтөлбөрөө энхийн зорилгоор хэрэгжүүлэхийг зөвшөөрсний хариуд АНУ болон бусад томоохон гүрнүүд Тегераны эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцална гэдгээ өнгөрсөн оны долдугаар сард мэдэгдсэн билээ. Үүний дараа нисэх онгоц худалдан авах гэрээ байгуулах боломж бүрдсэн юм.

“Iran Air” компани АНУ-ын “Boeing” компаниас 80 арилжааны нисэх онгоц худалдан авах гэрээг өнгөрсөн оны 12 дугаар сард мөн байгуулсан.

“Boeing”-оос энэ 80 нисэх онгоцыг ирэх 10 жилийн хугацаанд багтан хүлээн авах бөгөөд эхний ээлжийн онгоцуудыг 2018 онд Иранд хүлээлгэн өгөх ажээ.

Г.Доржханд