Түвдийн ууланд огторгуйн дуран байрлуулна

БЭЭЖИН./TASS/. Хятадын одон орончид Түвдийн уулсын дундахь 6000 м-ийн өндөр газарт одон орны дуран авай байрлуулахаар төлөвлөжээ.

Уг төсөлд оролцож буй профессор Яо Юнцян ярихдаа “одоогийн байдлаар Нгари-1 гэдэг кодолсон нэртэй эхний төхөөрөмжийг суурилуулах ажлыг хийж байна. Уг дуран авайг Шицюаньхэ хотоос өмнө зүгт 30 км-ийн зайд барина” гэлээ.

Дэлхийн хамгийн өндөрлөг газарт одон орны дуран авайг байрлуулж, сансрын уудмыг илүү үр дүнтэйгээр судлах даалгаврыг Хятадын эрх баригчид эрдэмтдэд өгчээ. Хоёр дуран авайг зохион бүтээж байрлуулах төсөлд Хятадын засгийн газар 130 сая юань буюу 18,7 сая доллар төсөвлөн өгсөн байна. Энэ ажилд Хятадын ШУА-ийн Үндэсний одон орон судлалын төв, Шанхай хотын бичил систем болон мэдээллийн технологийн хүрээлэн, Их энергийн физикийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд оролцож байгаа аж.

Хоёр дуран авайн нэгийг нь 5200 м-ийн өндөрт, Нгари-2-ыг 6000 м-ийн өндөрт байрлуулах юм. Эдгээрийн нэг нь 2021 онд ажиллаж эхлэх аж.

Б.Адъяахүү