Агаар бохирдсон үед өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ?

ВАШИНГТОН. /СNN/. Дэлхийн хүн амын 90 гаруй хувь нь ДЭМБ-аас тогтоосон аюултай хэмжээнээс давсан бохир агаараар амьсгалж байна. Үүний улмаас уушгины хорт хавдар болон амьсгалын замын өвчлөл нэмэгдээд зогсохгүй цус харвалт, зүрх судасны өвчин болон уушгины архаг бөглөрөлт өвчин газар авч байна.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хүчин чармайлт гаргасаар байгаа хэдий ч нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрчээ. АНУ-ын Кливленд хотын Багтраа өвчин судлалын төвийг үүсгэн байгуулагчдын нэг Сумита Хатри хэлэхдээ “агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авсаар байгаа боловч энэ асуудал тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байна” гэв.

Энэ долоо хоногт Австралийн Сидней хотод озоны хий хэт ихэссэний улмаас агаарын бохирдлын түгшүүр зарлажээ. 2017 он гарснаас хойш Лондонд агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан хэвээр байна. 2016 оны эцсээр Парис хотод бохирдлын түвшин аюултай хэмжээнд хүрсэн бол Хятад зэрэг улс орнууд өтгөн утаан мананд бүрхэгдсэнээр сургууль, үйлдвэрүүдийг хаахад хүрчээ.

ДЭМБ болон “Уур амьсгал ба Цэвэр агаар” эвслийн санаачилгаар “BreatheLife” кампанит ажлыг зохион байгуулагчдын ярьснаар, дэлхийн хэмжээнд 9 нас баралт тутмын 1 нь агаарын бохирдолтой холбоотой байна. Агаарын бохирдол дэлхийн ихэнх хот болон улс орны ард иргэдийн эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа болон амиа алдахад хүргэж байгаа гол хүчин зүйлсийн нэг болоод байгаа талаарх анхааруулгыг тус кампанит ажлыг зохион байгуулагчид өгдөг ажээ. Агаарын бохирдлын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо улс орнуудад эрс ялгаатай байна. Тухайлбал, Хятадад жил бүр агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас 1 сая гаруй хүн нас бардаг бол АНУ-д 380 мянга орчим хүн амиа алдаж байна.

Улс орны төдийгүй олон улсын түвшний асуудал болоод байгаа агаарын бохирдолтой тэмцэх бодлогыг төр, засгаас хэрэгжүүлж байна. АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг агаарын бохирдлоос өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар зөвлөмж гаргаад “агаарын бохирдлын түвшин байж болох хэмжээнээс давсан үед хүн бүр өөрсдийгөө хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй” гэв.

Агаарын бохирдлын индексийг газрын озон, тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхрийн давхар исэл болон азотын давхар исэл гэсэн таван бохирдуулагчийн түвшнийг тооцоолсны үндсэн дээр гаргадаг ажээ. Эдгээрийн хэмжээг 1-500 гэсэн тоогоор хэмждэг бөгөөд 150-аас давсан тохиолдол хүний эрүүл мэндэд "муу", 300-гаас давсан тохиолдолд хүний эрүүл мэндэд “аюултай” гэж үздэг.

“Өнөөдөр та олон төрлийн аппликейшн ашиглан амьдарч байгаа хотдоо агаарын бохирдлын түвшин хэр өндөр байгааг мэдэх боломжтой” гэж Саутгэмптоны их сургуулийн харшил болон амьсгалын замын генетикийн профессор Жон Холлвэй ярьж байна. Агаарын бохирдлын хүнд насан туршид нь үзүүлэх нөлөөллийг тэрбээр судалж, судалгааны тайлангаа саяхан гаргажээ. Тайланд дурдсанаар, бид агаарын чанарыг хянах замаар хөдөлгөөн болоод амьдралын хэвшлээ өөрчлөх боломжтой аж.

Ингээд агаарын бохирдлоос өөрсдийгөө хамгаалах зарим аргыг дороос харна  уу!

Өөрийгөө цэвэр агаараар торд !

АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн мэдэгдсэнээр, агаар бохирдсон үед аль болох гэртээ, агаар шүүгч суурилуулсан газарт байх нь уушги руу нэвтэрч буй бохирдлыг багасгах хамгийн шилдэг аргуудын нэг юм.

Агаарын чанар муу байгаа үед гэртээ байх, цонхоо хаах болон агааржуулагч, агаар цэвэршүүлэгч ашиглахыг бид зөвлөж байна гэж байнгын харшилтай байдаг хүмүүст зөвлөгөө өгдөг эмч Хатри ярилаа.

Хорт хий болон тоосонцорын хэмжээг багасгахын тулд шинээр барьж байгаа сургуулиудад агаар цэвэршүүлэх төхөөрөмжүүдийг заавал суурилуулахыг үүрэг болгоно гэж Бээжингийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Ийм төхөөрөмжүүд нь гаднах болон доторх бохирдлын аль алиныг, тухайлбал яндангийн утаа, тоос, хөгц, үрэнцэр, харшил болон халдварт өвчин үүсгэдэг бусад бодисыг шүүж чаддаг ажээ. Эмч Хатри ярихдаа “агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг 100 хувь үр дүнтэй гэж хэлэх боломжгүй боловч бохирдлын түвшнийг тодорхой хэмжээгээр бууруулдаг болох нь нотлогдсон. 50 хувиар бууруулдаг гэж зарим судалгааны тайланд дурдсан” гэв.

Агаар бохирдуулагч буюу PM 2.5 нэг шоо метрт 2.5 Мкг-аас ихгүй байх ёстой. Үүнээс давсан тохиолдолд хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг. Агаар дахь бохирдуулагчдын түвшин өндөр үед үзэгдэх орчин хязгаарлагдмал болдог билээ.

Амны хаалтуудаас чанартайг нь сонгоорой!

Өөрийгөө хамгаалах хэрэгслүүд, тухайлбал амны хаалт хэрэглэх нь хэт туйлширсан арга мэт санагдаж магадгүй. Гэхдээ агаарын бохирдлын түвшин өндөр байгаа үед гадагшаа гарахдаа амны хаалт зүүх нь өөрийгөө хамгаалах маш зөв аргуудын нэг болох нь судалгаагаар нотлогдсон.

Ер нь бол агаарын чанар муу байгаа үед аль болох гадагшаа гарахгүй байхыг эмч нар хүмүүст зөвлөдөг.

Үйлдвэрийн ажилчдад зориулсан амны хаалт хамгийн үр дүнтэй гэж мэргэжилтэн хэлээд "халдварт нянгийн бохирдлоос сэргийлэхийн тулд эмч нар, судлаачдын зүүдэг нэг удаагийн амны хаалтыг ч зүүж болно" гэв.

Г.Доржханд