Нисгэгчгүй онгоцоор12 км-ийн зайд ачаа тээвэрлэжээ

ТОКИО./TASS/. Өнөөдөр япончууд нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэх тал дээр шинэ дээд амжилт тогтоолоо.

Хоншю арлын зүүн хойд хэсэгт орших Фүкүшима мужид явуулсан туршилтын явцад 43 км/цагийн хурдтай нисгэгчгүй онгоцоор 12 км-ийн зайд ачааг тээвэрлэн хүргэсэн байна. Энэ үед хүчтэй салхитай байжээ.  

Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны мэргэжилтнүүдийн явуулсан уг туршилтын явцад нисгэгчгүй ачааны онгоц дэлхийд анх удаагаа 10 км-ээс хол зайд нисч чадлаа. Том хэмжээтэй халуун саванд хийсэн шөлийг нисгэгчгүй онгоц ашиглан наран шарлагын газарт хүргэсэн даруйд серфингчид үдийнхээ хоолыг зооглосон байна.  

Фүкүшимагийн АЦС-ад 2011 онд осол болсны дараа Японы эрх баригчид аврах ажиллагааны зориулалттай роботууд болон автомат төхөөрөмжүүдийг туршихын тулд тус мужид томоохон нислэгийн талбай байгуулжээ. Одоогийн байдлаар, хөдөөгийн алслагдсан бүс нутгуудад ачаа хүргэх зориулалттай нисгэгчгүй аппаратуудыг тус талбайд туршиж байна.

Г.Доржханд