С.Лавров: ШХАБ дахь Монголын статус ахина гэдэгт найдаж байна

МОСКВА. /TASS/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага дахь /ШХАБ/ Монголын ажиглагчийн статус ахина гэдэгт Москва найдаж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров даваа гарагт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилтой хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдлээ.

С.Лавров хэлэхдээ “бид Монголын ШХАБ дахь оролцооны асуудлыг хэлэлцсэн. Тус улсын ажиглагчийн статус ахиж дээшилнэ гэдэгт найдаж байна” гэжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “ШХАБ-ын зүгээс хэрэгжүүлж байгаа аюулгүй байдал, эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй болон бүс нутагт терроризмтой тэмцэх хөтөлбөрүүдэд Монголын тал одоо ямар нэгэн саадгүйгээр оролцож, хамтран ажиллаж байна” гэжээ.

Мөн бүс нутаг болон дэлхийн гол асуудлуудаар хоёр тал ижил бөгөөд ойролцоо байр суурьтай байгааг Оросын сайд цохон тэмдэглээд “бид гадаад бодлогын асуудлаар энэ улиралд тусгай хэлэлцүүлэг хийхээр зөвшилцсөн. Маш үр ашигтай хэлэлцүүлэг болно гэж найдаж байна” хэмээн хэллээ.

ШХАБ нь 2001 онд байгуулагдсан бөгөөд ОХУ, БНХАУ, Казахстан,  Киргизстан, Тажикистан болон Узбекистан гэсэн үндсэн зургаан гишүүнтэй. Афганистан, Пакистан, Энэтхэг, Иран, Монгол болон Беларусь улс тус байгууллагад ажиглагчийн статустай  бол Турк, Азербайжан, Шри Ланк, Армени, Камбож болон Балба нь яриа хэлцээний түншүүд юм.

Тус байгууллагын гол зорилго нь өөрийн хамрах өргөн уудам бүс нутагт аюулгүй бөгөөд тогтвортой байдлыг бэхжүүлэх, терроризм, хэт давруу үзэл, салан тусгаарлах үзэл болон мансууруулах бодис хууль бусаар наймаалагчидтай тэмцэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний түншлэл, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал юм.

http://tass.com/economy/930583

Г.Доржханд