Монголын малчдад туслахыг уриаллаа

БЭЭЖИН. /NHK/. Хахир хатуу өвөл болж байгаагийн улмаас хоол хүнсний хомсдолд орж, малаа алдаж буй Монголын малчдад яаралтай тусламж үзүүлэхийг Улаан загалмай нийгэмлэгийн албаны хүмүүс уриалж байна.

Олон улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо  пүрэв гарагт Бээжин хотноо хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Монголын малчдад тусламж үзүүлэхийг уриаллаа.

Албаны хүмүүс 650 мянга орчим долларын хандив цуглуулах зорилготой байна. Тэд цугласан мөнгийг Монголын малчин өрхүүдэд тараан өгч, үр хүүхдийг нь сургуулийн дотуур байранд байрлуулахад зарцуулах ажээ.

Одоогоор Монголын нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Цаг агаарын байдал хүндэрсний улмаас малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал олноороо хорогджээ.

Зун нь ган гачиг болж, малын хоол тэжээл болох өвс ургамал хатсаны улмаас өвөл нь нөхцөл байдал хүндэрч, мал олноороо үхэж байна.

Монголын 160 мянга орчим малчин зудад нэрвэгдээд байна гэж албаны хүмүүс хэлэв.

Ази тивд орших далайд гарцгүй Монголд хоёр жил дараалан хахир хатуу өвөл болж байгаа нь энэ юм. Өнгөрсөн өвөл 1.2 сая гаруй мал хорогдож байжээ.

Малчдад тусалж, малыг нь аварч үлдэх яаралтай арга хэмжээ авахгүй бол нийслэл Улаанбаатар хот руу цувах хүмүүсийн тоо нэмэгдэж, гэр хороолол хүрээгээ улам тэлэхэд хүрч болзошгүй гэж Улаан загалмай нийгэмлэгийнхэн анхаарууллаа.

https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20170216_36/

Г.Доржханд