"Хагас мацаг" барих нь хөгшрөлтийг удаашруулдаг болохыг тогтоожээ

САН-ФРАНЦИСКО. /Anadolu/. Сард таван өдрийн хугацаанд мацаг барих нь хөгшрөлтийг удаашруулж, даралт ихсэх зэрэг тодорхой  тооны өвчнүүдээс урьдчилан сэргийлэхэд тустай болохыг Америкийн эрдэмтэд судалгаагаар тогтоожээ.

100 хүн оролцсон уг судалгааны явцад сарын таван өдөрт нь “хагас мацаг барих” буюу өдөрт 700-1100 ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглэх дэглэмийг туршжээ. Судалгаанд оролцогчдын ихэнх нь илүүдэл жинтэй байсан бөгөөд энэ дэглэмийг тэдний тал хувь нь зургаан сарын турш барьсан байна. Харин үлдсэн хэсэг нь энгийн хооллолтой хүмүүс байжээ. Судалгааны эцсийн дүнд, дэглэм барьсан хүмүүс дунджаар 2.6 кг-аар жингээ хассан бөгөөд тэдний цусны даралт буурсан нь ажиглагджээ.

АНУ-ын Насжилт судлалын хүрээлэн болон Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн хөрөнгө оруулалттайгаар Өмнөд Калифорнийн их сургуулийн эрдэмтэд уг судалгааг хийжээ.

Судалгаанд оролцогчдын биеийн жин, биеийн өөх, бүсэлхийн тойрог, систол болон диастолын даралт, холестерин, инсулин төст өсөлтийн фактор 1 (IGF-1), С-реактив уураг (үрэвслийн түвшин тогтоогч) зэрэг үзүүлэлтүүд эрс буурч, булчин болон ясны жин нэмэгдсэн үзүүлэлтүүд гарчээ. Инсулин төст өсөлтийн факторын түвшин бага байх нь хорт хавдар, чихрийн шижингээр өвчлөх эрсдлийг бууруулдаг байна. Мөн мацаг барьснаар ямар ч гац сөрөг нөлөө илрээгүй болохыг судлаачид цохон тэмдэглэлээ.

Сүүлийн үед хүмүүс мацаг барих буюу зөвхөн ус уух эсвэл маш бага хэмжээний илчлэг багатай хоол идэх болсон. Гэвч судлаачид энэ аргыг эрүүл мэндэд халтай бөгөөд удаан хугацаанд ингэж хоолоо сойх нь зохистой биш гэж үзжээ.

Харин үүний оронд “хагас мацаг барих” дэглэм нь аюул багатай бөгөөд илүү үр дүнтэй гэнэ. Уг арга нь илүүдэл жинтэй холбоотой өвчнөөр өвчилсөн үед анагаах эерэг нөлөөтэй байгаа тул судалгааны баг цаашид илүү өргөн цар хүрээг хамарсан судалгаа хийхээр төлөвлөж байна.

Б.Мишээл