Жагсагчдыг зодсон Хонконгийн цагдаа нарыг 2 жилийн ялаар шийтгэжээ

ХОНКОНГ./TASS/. 2014 оны намар болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр сөрөг хүчний нэгэн гишүүнийг зодсон долоон цагдаад Хонконгийн шүүх тус бүрт нь 2 жилийн ял оноолоо. Энэ тухай RTHK радио өргөн нэвтрүүлгийн корпораци мэдээллээ.

Эдгээр цагдаа нар зүй бус авир гаргаснаараа “цагдаагийн хүчний нэр хүндийг унагаад зогсохгүй Хонконгийн олон улсын нэр хүндэд хохирол учруулсан” гэж шүүгч онцлон тэмдэглэжээ.

Энэ хэрэг 2014 оны 10 дугаар сарын 15-нд шилжих шөнө Засгийн газрын ордны дэргэд цагдаагийнхан жагсагчидтай мөргөлдөх үед гарсан байна. Жагсаалд оролцогчдын нэг болох Кен Цангийг цагдаа нар барьж аваад, чирч гулдран байшингийн булан тойруулж авчраад олуулаа нийлэн нүүр нүдгүй өшиглөсөн байна. Энэ үед Кен Цанг гавтай байжээ.

Үүнийг харсан хүмүүс дүрс бичлэг хийсэн ба улмаар уг бичлэг олон нийтэд ил болсноор цагдаа нар ширүүн шүүмжлэлд өртжээ. “Хэдийгээр Цанг хууль зөрчсөн, мөн хууль сахиулагчид маш их бухимдалтай нөхцөлд ажиллаж байсан ч гэсэн хүнийг ингэж харгисаар зодсоныг зөвтгөх аргагүй” гэж шүүгч хэлсэн байна.

2014 оны намар Хонконгт сонгуулийн тогтолцоог ардчилсан болгохыг шаардсан олныг хамарсан оюутны эсэргүүцлийн жагсаал болсон юм. Уг жагсаал 79 хоногийн турш үргэлжилсэн бөгөөд хотын гол гудамжуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зогсч байжээ.

О.Барс