Д.Трамп Умард Солонгосын үйлдлийг буруушаав

ВАШИНГТОН. /TASS/. БНАСАУ-ын пуужин, цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор сүүлийн үед хийсэн алхмуудад АНУ дургүйцэж байна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Флорид муж улсын Палм-Бич дахь “Мар-а-Лаго” эдлэн газраасаа буцахын өмнө Умардыг тойрсон нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө хэлжээ.

“Ким Жөн Ун тун тааруу авир гаргаж байна” хэмээн Америкийн засаг захиргааны тэргүүн хэлжээ. Тэрбээр энэ талаар үүнээс өөр үг хэлсэнгүй.

Цагаан ордны хэвлэлийн албанаас өмнө нь мэдээлж байснаар, бямба гарагт Д.Трамп өөрийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах, хуурай замын цэргийн дэслэгч генерал Герберт Реймонд Макмастертай Умард Солонгосын зүгээс учирч болзошгүй аюул заналхийллийн талаар ярилцжээ.

БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг тойрсон нөхцөл байдал нь өнгөрсөн долоо хоногт болсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны Токио, Сөүл, Бээжинд хийсэн айлчлалын үеэр хэлэлцсэн гол асуудлуудын нэг болсон байна.

О.Барс