Америкийн 3 цэргийг афган цэрэг буудаж шархдуулжээ

ИСЛАМАБАД. /VOA/.  Өнгөрсөн ням гарагт Афганистаны Хильменд муж дахь цэргийн баазад сургуулилт болж байх үед нэгэн афган цэрэг гал нээсний улмаас гурван америк цэрэг шархадсан байна.

Афганистан дахь НАТО-гийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны командлалын мэдээлснээр, шархадсан цэргүүдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Афганы албаны мэдээлснээр, уг афган цэргийг гадаадын цэргүүд газар дээр нь буудаж устгасан байна. Сүүлийн саруудад Афганистаны аюулаас хамгаалах албаны ажилтнууд талибаны босогчидтой нэгдэхээр оргон зугтах үедээ хамт алба хааж байсан хүмүүс рүүгээ гал нээсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсан байна.

Афганистаны хамгийн том муж болох Хильмендэд сүүлийн жилүүдэд мөргөлдөөн ширүүсч байгаа бөгөөд талибанчууд хяналтыг гартаа аваад байгаа аж. Энд ирээд буй Америкийн цэргийн зөвлөхүүд Афганистаны аюулаас хамгаалах хүчнийхэнд тусалж байгаа юм.

Америкийн тэнгисийн явган цэргийн /US Marine/ 300 гаруй албан хаагчдаас бүрдсэн анги энэ оны сүүлчээр Афганистанд ирэх бөгөөд тэд талибанчуудын террорист ажиллагааг хязгаарлахад нь афганчуудад туслахаар Хильменд мужид байрлана. 

Х.Сарнай