Популизмтай тэмцэхээ Меркелийн өрсөлдөгч Мартин Шульц амлав

ЛОНДОН./BBC/.Ангела Меркельтэй өрсөлдөж буй Германы Социал-демократ намаас /ГСДН/ нэр дэвшигч Мартин Шульц хэлэхдээ, сонгуульд ялсан тохиолдолд популизмтай тэмцэнэ гэдгээ амлажээ.

Берлинд болсон ГСДН-ын их хурал дээр М.Шульц Европын Холбооны талаар гутранги үзэлтэй хүмүүс болон Ерөнхийлөгч Д.Трампын хэлсэн “арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан” үг яриаг шүүмжилсэн байна.

Их хурлаас М.Шульцыг тус намаас нэр дэвшүүлэхийг 100 хувь дэмжсэн ба тэрбээр 9 дүгээр сард болох сонгууль хүртэл намаа тэргүүлэх юм.

Европын парламентын ерөнхийлөгч байсан М.Шульц өөрийн намыг Бундестагийн сонгуульд ялуулж, парламентад олонх болгох төдийгүй Христосын ардчилсан холбоотой эвсэл болохгүйгээр дангаараа засгийн газраа бүрдүүлэх байх гэж намынх нь гишүүд найдаж байгаа аж.

Сонгогчдын дунд явуулсан санал асуулгаар социал демократууд одоохондоо Христосын ардчилсан холбооноос хоцорч байгаа боловч М.Шульцын нэр хүнд сонгуульд дөрөвдэх удаагаа нэрээ дэвшүүлэх гэж буй Меркелийнхтэй тун ойролцоо байгаа юм.

Ням гарагт намынхаа их хурал дээр Мартин Шульц үг хэлэхдээ, дундаж ажилчин анги болон нийгмийн чинээлэг давхаргын хоорондын орлогын ялгаа улам бүр өсөн нэмэгдэж байгаагийн цаад шалтгаан нь популист хандлага нэмэгдэж байгаа явдал гэжээ.

Өдгөө 61 настай тэрбээр "Христосын ардчилсан намынхан татварыг бууруулахын зэрэгцээ нийгмийн хөтөлбөрүүдийг хасч танан, батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэх бодлого баримталж байгааг шүүмжилжээ.

Тэрбээр Европын парламентын тэргүүн байхдаа “Европын эв нэгдлийг нураахыг санаархдаг хүчний эсрэг ямагт сөрөн зогсоно" гэдгээ байнга хэлж байсан юм. 

Мөн тэрбээр Д.Трампын хэлсэн үгийг "ардчиллын эсрэг, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан хандлагатай, эхнэр хүнийг үзэн ядсан агуулгатай" гэж  шүүмжилжээ.

Мартин Шульц бол намын даргын албан тушаалд нэрээ дэвшүүлсэн цорын ганц хүн юм. Тэрбээр их хуралд оролцогчдын 100 хувийн саналыг авсан нь социал-демократуудын хувьд дайнаас хойших түүхэнд тохиолдож байгаагүй явдал боллоо. 

М.Шульц уг албан тушаалаас 1 дүгээр сард огцорсон Зигмар Габриэлийг оронд ажиллах ажээ.

М.Шульц өмнө нь номын худалдааны бизнес эрхэлдэг байсан ба тэрбээр Голландтай хиллэдэг Ахен мужаас гаралтай хүн юм. Тэрбээр залуудаа мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг хүсдэг байжээ.

О.Барс