Сахараас урагш орших орнуудад 57 тэрбум долларын санхүүжилт олгоно

ВАШИНГТОН. /TASS/. Дэлхийн банкны бүрэлдэхүүнд багтдаг санхүүгийн байгууллагууд Сахарын цөлөөс урагш орших Африкийн улс орнуудад 57 тэрбум долларын санхүүжилтийг 3 жилийн хугацаанд өгөхөөр болжээ. Энэ тухай Вашингтонд төвтэй Дэлхийн банкны хэвлэлийн алба мэдээллээ.

Энэ талаарх шийдвэрийг Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Кимийн оролцоотой Германы Баден-Баден хотод болж буй "Их-20"-ийн Сангийн сайд нар, төв банкны тэргүүн нарын зөвлөгөөний дараа гаргажээ.

Санхүүжилтийн үндсэн хэсэг болох 45 тэрбум долларыг Олон улсын хөгжлийн ассоциаци, 8 тэрбумыг Олон улсын санхүүгийн корпораци, 4 тэрбум долларыг Олон улсын шинэчлэл, хөгжлийн банк гаргахаар болсон байна. Харин уг хөрөнгийг аль орнуудад ямар хэмжээгээр хуваарилан олгох талаар мэдээлсэнгүй. Харин Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилт энэ оны 7 дугаар сараас 2020 оны 6 дугаар сар хүртэл олгогдох ажээ.

Дэлхийн банкны ерөнхийлөгч хэлэхдээ  "энэ төсөл нь тус бүс нутгийн улс орнуудын хөгжлийн замыг өөрчлөхөд урьд хожид байгаагүй боломж юм" гэлээ. Дэлхийн банкны ажлын хэсэг боловсрол, эрүүлийг хамгаалах, ундны усны хангамж, эрүүл ахуй, хөдөө аж ахуй, бизнесийн орчин, дэд бүтэц, засаглалын шинэчлэлтэй холбоотой хөтөлбөрүүдийг эрс өргөжүүлэхийн тулд үйлчлүүлэгч орнуудтай хамтран ажиллана гэдгийг Жим Ён Ким тодруулжээ.