Муудсан мах худалдаалдаг сүлжээг Бразилд илрүүлжээ

ЛОНДОН./BBC/.

Хугацаа нь дуусч, муудсан мах худалдаалж байсан томоохон сүлжээг Бразилын эрх баригчид илрүүлсэн байна.

Энэ хэрэгт холбогдуулан өнгөрсөн баасан гарагт 30 албан тушаалтныг ажлаас нь халж, мах боловсруулах гурван үйлдвэрийг хаажээ. Бусад 20 үйлдвэрийг шалгаж байгаа аж.  

Мөрдөн шалгалтын мэдээллийг үзвэл, JBS болон BRF гэсэн хоёр том компанийн менежерүүд эрүүл ахуйн байцаагчдад хахууль өгч, чанарын баталгааны гэрчилгээ авч байсан байна.

Бразилын Холбооны цагдаагийн газар хугацаа нь дууссан мах борлуулсан 40 гаруй тохиолдлыг илрүүлэн шалгаж байгаа аж. Мах үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүнийхээ чанарыг сайн гэж харагдуулахын тулд химийн бодисууд ашиглаж байжээ.

JBS болон BRF компанийн удирдлага мах муудсан тохиолдол гарсныг үгүйсгээгүй боловч хэрэглэгчдийг хууран мэхлэх ажиллагаа явуулж байсан гэдгийг эрс няцааж, өөрсдийнх нь боловсруулсан мах чанарын шаардлагыг хангаж байгаа гэдгийг дурдсан байна.

Бразил бол махны экспортоор дэлхийд тэргүүлдэг улс юм. Жишээ нь, АНУ, Хятад болон Европын Холбооны орнуудад нийлүүлж буй махны экспортын хэмжээ 12 тэрбум доллароор хэмжигддэг байна. Орос улсын импортолж буй үхрийн махны 90 хувийг Бразилаас нийлүүлдэг ажээ.

Хугацаа нь дууссан махны талаар шуугиан дэгдээд байгаа энэ үед Бразилын Ерөнхийлөгч Мишель Тимер дээр дурдсан улсуудын элчин сайд нарыг оройн зоогонд урьж ярилцахдаа, Бразилын махны чанар урьдын адил сайн хэвээр байгаа, илэрсэн зөрчлүүд нь өргөн хүрээг хамраагүй гэдгийг онцолсон байна.

Х.Сарнай