Жорж Клуни 87 настай фэндээ гэнэтийн бэлэг барилаа

ЛОНДОН./BBC/. Холливүүдын алдарт жүжигчин Жорж Клуни Англи дахь “Sonning's dawning” өндөр настны асрамжийн газарт амьдарч буй 87 настай өөрийн шүтэн бишрэгч эмэгтэйд төрсөн өдрөөр нь баглаа цэцэг барин очиж баяр хүргэжээ.

Асрамжийн газар Беркшир мужийн Соннинг сууринд оршдог аж.. Тус газрын ажилтнууд Пэт Адамсын төрсөн өдөр болохоос өмнө Клунид илгээсэн захидалдаа "та хатагтай Адамст баяр хүргэх аваас энэ нь түүний хувьд “мөрөөдлийн бэлэг” болно" гэж бичжээ.  

Өндөр настнуудыг асарч халамжилдаг “Sunrise UK” буяны байгууллагын ажилтнууд Клунигийн энэ үйлдэл нь гайхалтай сайхан сэтгэлтэй хүний сайн үйлс юм гэж үзэж байна.

“Хатагтай Пэт Адамс өөрийн хайртай жүжигчинтэйгээ уулзаж байгаадаа магнайгаа хагартлаа баярлаж байсан, учир нь Жорж Клуни цэцэг, ил захидал бариад ирж байгаа нь хатагтайд гайхамшигтай сайхан бэлэг болсон” гэж асрамжийн газрынхан ярилаа.

“Sunrise UK”-гийн ажилтнууд үйлчлүүлэгчдийнхээ мөрөөдлийг биелүүлэхийг ямагт хичээдэг, харин Клунигийн хувьд ингээд хүрээд ирэх юм гэж огт бодоогүй аж.

Асрамжийн газрын ажилтан Линда Жонс ярихдаа, жүжигчнийг үүдээр инээмсэглэн орж ирэхийг нь хараад хатагтай Пэт Адамс золтой л ухаан алдчихаагүй гэжээ.

“Sonning's dawning” асрамжийн газарт Ж.Клуни ирсэн нь хоёр жилийн өмнө энэхүү үзэсгэлэнт байгальтай Английн сууринд эхнэр Амалийн хамт байшин худалдаж авч байсантай нь холбоотой байж магадгүй юм. 

О.Барс