11/IX-ний халдлагын хохирогчдын ар гэрийнхэн Саудын Аравийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. 2001 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр АНУ-д болсон террорист халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн төрөл төрөгсөд Саудын Аравийн эрх баригчдыг “Аль Каида” бүлэглэлийг дэмжсэн гэж буруутган шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 800 гаруй хүний хамтарсан нэхэмжлэлийг даваа гарагт Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн холбооны шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчдийн үзэж байгаагаар, Саудын Арави улс нь “Аль Каида” бүлэглэлд санхүүгийн болон бусад төрлийн материаллаг тусламж үзүүлж байсан ажээ. Уг нэхэмжлэлд, террорист ажиллагааг үйлдсэн хүмүүсийн гурав нь улсынх нь харьяат байсан гэдгийг Саудын Аравийн эрх баригчид мэдэж байсан гэдгийг дурдсан байна.

“Саудын Арави улс хоёр нүүр гаргасан. Тус улс АНУ болон барууны бусад орнуудын өмнө “Аль Каида”-тай тэмцэж буй мэт дүр эсгэж, харин цаагуураа “Аль Каида” бүлэглэлд ихээхэн хэмжээний материаллаг тусламж үзүүлж байсан” гэж нэхэмжлэлд мөн дурджээ.

Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчид “Саудын Аравийн туслалцаагүйгээр 9 сарын 11-ний халдлагыг үйлдэх боломжгүй байх байсан. Иймд Саудын Арави нэхэмжлэгчдэд учирсан бүх хохирлын төлөө хариуцлага хүлээх ёстой” гэж үзэж байна. Тэд нөхөн төлбөр олгохыг Саудын Аравийн эрх баригчдаас шаарджээ.

Өнгөрсөн оны 9 дүгээр сард АНУ-ын Конгресс 2001 оны 9 дүгээр сарын 11-ний халдлагад өртөн амиа алдагсдын ар гэрийнхэнд Саудын Аравийн эсрэг шүүхэд гомдол гаргах эрхийг олгох тухай хуулийг баталсан юм. Өмнө нь “Саудын Аравийн эрх баригчид “Аль Каида”-гийн үйл ажиллагааг “нүдээ аниад өнгөрүүлдэг”, тэр байтугай уг бүлэглэлтэй холбоо сүлбээтэй байж ч магадгүй. Иймд тус улсын эрх баригчид уг террорист халдлагын хариуцлагыг тодорхой хэмжээнд хүлээх ёстой” гэсэн агуулгатай нийтлэлүүд АНУ-д олонтоо гарч байсан юм. 

Харин Саудын Аравийн эрх баригчид өөрсдийгөө уг хэрэгт холбоогүй бөгөөд хэрэв шүүхийн шийдвэр нэхэмжлэгчдийн талд гарвал АНУ дахь хэдэн зуун тэрбум долларын үнэтэй эд хөрөнгөө хураалгахгүйн тулд тэдгээрийг худалдана гэдгээ мэдэгдэж байв.

Б.Мишээл