“Цэвэр орчин аян”-ы шилдэг бүтээлүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2015-09-09 17:59:17

БОНХАЖЯ-ны “Цэвэр орчин аян”-ы хүрээнд сэтгүүлчдийн дунд зарласан уралдааны шилдгүүд тодорч, шилдэг бүтээлийн эздийн шагналыг БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа нар өнөөдөр гардууллаа.

Уралдаанд хот, хөдөөгийн сонин, вэб сайтын 17 сэтгүүлчийн 100 орчим бүтээл ирснээс телевиз, радиогийн бүтээл ирээгүй байна. Мөн шүүгчдийн шалгуураар нэгдүгээр байр эзлэх бүтээл гараагүй бөгөөд хоёрдугаар байрт хоёр, гуравдугаар байрт гурав, тусгай байранд гурван сэтгүүлчийг тус тус шалгаруулжээ.

Онооны нийлбэрээр хоёрдугаар байрт “Монголын мэдээ” сонины сэтгүүлч Б.Өнөртогтох “Хөгжингүй орнууд хогоор мөнгө үйлдвэрлэж байна, харин манайд” зэрэг цуврал нийтлэлээрээ, www.24tsag.mn вэб сайтын сэтгүүлч Д.Идэржаргал “Менежмэнт үгүйлэгдэж байна: холивол хог, ялгавал мөнгө” зэрэг нийтлэлээрээ, гуравдугаар байрт “Улс төрийн тойм” сонины сэтгүүлч С.Туул, Т.Ундрал нар болон “Өнөөдөр” сонины Г.Нямдулам нар шалгарав. Тэд “Зоосны хоёр тал шиг гудамж буюу хотын иргэдийн соёл”, “Хог боловсруулах зөв менежмент үгүйлэгдэж байна”, “Улаанбаатар хотоос өдөрт 3500 тонн хаягдал гардаг”, “Хаягдлаар баялаг бүтээгчид” зэрэг цуврал нийтлэл, сурвалжлага бичсэн байна.

Харин тусгай байрт www.mnews.mn вэб сайтын сэтгүүлч Г.Батзориг “Хогонд дарлуулсан эрүүл мэнд” зэрэг нийтлэлээрээ, www.olloo.mn сайтын сэтгүүлч Б.Сансартуяа “10 жилийн дотор хогноосоо салж, Азийн цагаан дагина нэрээ эргүүлэн авья”, “Өглөөний сонин”-ы сэтгүүлч Ц.Баттуяа “20 дугаар байрны Балбар хогондоо” бүтээлээрээ тунаж үлджээ. Орон нутгийн сэтгүүлчдийн бүтээлээс Ховд аймгийн www.hovd.gov.mn вэб сайтад бүтээлээ нийтлүүлсэн сэтгүүлч Б.Баярмаа гуравдугаар байрын шагналын эзэн боллоо.

Уралдааны шилдэг бүтээлүүдийг БОНХАЖЯ-ны www.mne.mn вэб сайтад цувралаар байршуулах юм.

Б.Туул

関連ニュース
コメント