Хүний толгой шилжүүлэн суулгахад Хятадын эрдэмтэн тусална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2015-09-11 12:30:28

БЭЭЖИН. /Xinhua/. Италийн мэдрэлийн мэс засалч Сержо Канаверо хүний толгой шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хамтран хийх хүнээ  сонгожээ.

Энэ мэс заслыг Канаверотой Хятадын Харбины анагаах ухааны их сургуулийн мэс заслын эмч Рен Сяопин хийхээр болсон байна. “Сяопин бол энэ төслийг удирдах чадвартай дэлхийн цорын ганц хүн” гэж Италийн мэс засалч хэлжээ. Өвчний шалтгаан судлалын салбарт хийсэн ажлаар нь Хятадын мэргэжилтнийг хамтрагчийн хувиар сонгосон болохыг тэрбээр хэлсэн байна.

Сяопины баг өнөөдрийн байдлаар хулганы толгой шилжүүлэн суулгах мянга орчим мэс засал хийжээ. Гэхдээ ийм мэс засал хийлгэсний дараа хулганы амьдрах дээд хугацаа ердөө нэг хоног байсан байна. Сяопин анх 2013 онд хулганы толгой шилжүүлэн суулгах мэс засал хийсэн нь амжилттай болжээ.

Каневеро, Сяопин хоёрын анхны өвчтөн нь Оросын программ зохиогч, 30 настай Владимир Валерий Спиридонов болж магадгүй. Тэрбээр сээр нурууний хатингаршил өвчнөөр шаналж байгаа бөгөөд энэ нь эдгэршгүй ховор тохиолддог удамшлын өвчин юм. Мэс заслыг 2017 онд хийх боломжтой гэж Италийн эмч урьд нь мэдэгдсэн боловч Каневеро, Сяопин хоёрт одоо санхүүжилт олох, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийх эмч, сувилагчдын олон улсын багийг бүрдүүлэх гээд ажил олон байгааг Синьхуа агентлаг мэдээлж байна.

Д.Жаргал

 

関連ニュース
コメント