Эрдэнэдалай суманд малчин залуучуудын өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 15:38:22

Дундговь аймгийн  Эрдэнэдалай сум Малчин залуучуудынхаа дунд өдөрлөг зохион байгууллаа. Энэ өдөрлөг нь мал аж ахуйн үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүн, сүү, цагаан идээг орон нутгийн зах зээлд худалдан борлуулах боломжийг малчдад олгохын зэрэгцээ  мал аж ахуйн хөдөлмөртэй холбоотой уламжлалт үйлийг залуучуудын дунд өвлөн хөгжүүлэх зорилго агуулжээ.

Тухайлбал, малчин залуучууд чөдөр зангидаж, жирэм сүлжих, утас ээрч, хошлон томоход авхаалж сорьж, уламжлалт наадгай дэмбээгээр өрсөлдсөн байна. Эрдэнэдалай сумын хөдөөгийн 6 багийн малчин залуучууд баг багаараа тэмцээнд өрсөлдсөнөөс  чөдөр зангидаж, жирэм сүлжихэд  Цавчир багийн эрчүүд, утас ээрч,хошлон томоход Сангийн далай багийн эмэгтэйчүүд бусдыгаа хошуучилж, уламжлалт хөдөлмөрийг өвлөн явж чадаж байгаагаа харуулсан байна. Өрсөлдөгч олонтой болсон дэмбээний тэмцээнд 7- р багийн Л. Бат- Эрдэнэ, н.Саранчимэг нар түрүүлсэн бол хамгийн их айраг уух тэмцээнд нэг минутанд нэг литр 900 грамм айраг ууснаараа Өнгөт багийн малчин Мөнхбат тэргүүлжээ.

Хөгжөөнт тэмцээнээр үргэлжилсэн малчин залуучуудын өдөрлөгийн нэг “гоёл” бол  хос морьтон залуу хос шалгаруулах тэмцээн байсан бөгөөд үүнд Цагаан- Овоо багийн залуу малчин Ундрахбаяр, Соёлмаа нар шалгарсан байна.

Түүнчлэн сүүлийн үед хөдөөгийн залуусын дунд хөгжиж байгаа “Морьтой бөмбөг” тэмцээнд Цавчир багийн залуус түрүүлэв. Ингээд тэмцээний нийлбэр дүнгээр Цавчир багийн малчин залуучууд тэргүүлж, Цагаан- Овоо баг удаалсан байна.  

Ийнхүү өвөл, хаврын хүнд цагийг даван туулах нөр их ажлын өмнөхөн малчин залуучууддаа эрч хүч өгсөн энэ үйл ажиллагааг Эрдэнэдалай сумын ЗДТГ, “Дэлгэр дэнж” хоршоотой хамтран зохион байгуулжээ.

Дундговь Т. Отгонтуяа

関連ニュース
コメント