УИХ-ын гишүүдийн туурвисан 500 орчим номыг олны хүртээл болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-09-11 18:37:38

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд өнөөдөр Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд “Төрийн түшээдийн бүтээл” номын болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов.

Үзэсгэлэнгийн хойморт үе үеийн УИХ-ын гишүүдийн туурвисан 500 орчим ном, бүтээлийг дэлгэж олны хүртээл болгожээ. Уг бүтээлүүд ойн арга хэмжээний дараа Парламентын номын санд хадгалагдах юм.

Мөн үеэр УИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргасан Монгол Улсын парламент номын 3 болон 4 боть, Улсын бага хурал, Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын Тамгын газар, Найргийн хуртай Монгол Парламент зэрэг номыг танилцуулав.

Гэрэл зургийн үзэсгэлэнд 1990-2015 оны Улсын бага хурал, үе үеийн УИХ-ын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааг харуулсан 370 гаруй түүхэн зургуудыг дэлгэсэн байна.

Үзэсгэлэнг нээж УИХ-ын дэд дарга Л.Цог үг хэлэв. Тэрбээр, "25 жил гэдэг бол түүхийн хуудсанд зурвасхан хугацаа. 1990-ээд оны тэртээ ард түмнээсээ сонгогдсон Ардын Их Хурлын 430 депутат тухайн үеийн улс төрийн хүчнүүдэд ногдсон квотын дагуу Улсын Бага Хурлыг байгуулж байсан үе саяхан мэт санагдана. Аливаа ойн баярын арга хэмжээ нь дурсан санах түүх, дурсамжаас гадна өнгөрсөн хугацааны ололт, амжилтаа дүгнэн ярилцахын сацуу, алдаатай зүйлсээсээ сургамж авах мөн ирээдүйгээ товлох боломж олгодог. Ингээд үе үеийн парламентчиддаа болон тухайн үед мөр зэрэгцэн ажиллаж байсан нөхдийнхөө ар гэр, үр хүүхдүүдэд аз жаргал хүсье" хэмээв.

Түүнчлэн энэхүү арга хэмжээний үеэр 1990 оноос өнөөг хүртэлх парламентын түүхийг харуулсан "Парламент" баримтат киног арга хэмжээнд уригдсан зочдод сонирхуулсан бөгөөд уг киног Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч Г.Золжаргал найруулан бүтээжээ.

Ч.Ариунболд

関連ニュース
コメント