40 мянган мод тарих хөдөлгөөн амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 23:18:17

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай” хөтөлбөрт төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг 4 дахин нэмэгдүүлэх зорилт тусгагдсан. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар “40 мянган мод ургуулах хөдөлгөөн”-ийг зарлаж, уг ажилд идэвхтэй оролцсон шилдэг 3 сум, 2 аж ахуйн нэгж, байгууллага, 5 иргэнийг шалгаруулан 500 мянгаас 1,5 сая хүртэл төгрөгөөр шагнан урамшуулах уралдаан зарласан юм.

Уралдааны хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 2015 оны 4 дүгээр сарын 15-аас 9 дүгээр сарын 20 хүртэлх хугацаанд мод тарих ажлыг гүйцэтгэж, хариуцан ургуулах ба 9 дүгээр сарын 25-аас 10 дугаар сарын 25-ны хооронд нөхөн тарилт, намрын цэнэг усалгаа хийж, тарьсан модыг өвөлжилтөд бэлтгэсэн байх юм. Уг уралдаанд иргэд, байгууллагууд идэвхтэй оролцож, хаврын мод тарих өдрийн арга хэмжээгээр 405 аж ахуйн нэгж, байгууллага, 11350 иргэнээс 15895 ширхэг мод, 38898 ширхэг бут  сөөг буюу нийт 54793 ширхэг мод бут тарьсан байна.

Уралдааны дүнг аймгийн ажлын хэсэг хэлэлцэн шалгаруулж, материалыг 2015 оны 11 дүгээр сарын 5-ны дотор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, аймгийн Засаг даргад хүргүүлэх юм байна.

Б.Батчимэг

関連ニュース
コメント