Аймгийн нийгэм,эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 10:53:32


Аймгийн Статистикийн хэлтсээс оны эхний найман сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг орон нутгийн хэвлэл мэдээллийнхэнд танилцуулав.      

   
      Мэдээллээс үзэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн 8 дугаар сард өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар, жилийн эцсээс 4.0 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар өсчээ. Харин аймгийн төсвийн орлого зарлага, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, банкан дахь иргэдийн хадгаламжийн хэмжээ буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал: 

Иргэдийн хадгаламж буурч, чанаргүй зээл өсчээ 
       Арилжааны банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 31.6 тэрбум төгрөг болж оны эхнээс 2.4 тэрбум төгрөгөөр буурчээ.  
          Аймгийн Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт, Капитал банкнаас  аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл зуугаад тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 4.3 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 7, 8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин  чанаргүй хугацаа хэтэрсэн зээл  өнгөрсөн 8 дугаар сарын эцэст 1.4 тэрбум болж өссөн байна.
       Аймгийн төсвийн нийт орлого 31.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0,9 тэрбумаар тасарч, төсвийн зарлага санхүүжилт 30.0 тэрбум төгрөг болж 12,3 хувиар буурчээ.

Амаржсан эх,  төрсөн хүүхэд  өслөө
          Аймгийн хэмжээнд  8 сарын байдлаар  946 эх амаржиж, 947 хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх болон төрсөн хүүхэд  өссөн байна.   
        Эрүүл мэндийн байгууллагууд оны  эхний 8 сарын байдлаар 167.4 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 18.1 хувиар буурч, 8.5 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 51.7 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 30.0 хувиар буурчээ.  Түргэн тусламжийн дуудлага 10.8 мянган удаа гарсны гучаад хувь нь алсын дуудлага байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.6 хувиар буурсан байна.

Зуун га-гаас  төмс, хүнсний ногоо хурааж байна
     Аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо 101,5  га-гаас хураан авч байна. Мөн  үр тариа 9.7 мян.га-д, тэжээлийн болон техникийн ургамал 4.6 мян.га-д ургац хэвийн 
хураах бэлтгэлээ хангажээ. .
        Энэ намар байгалийн хадлан 2,6 мянган тн, гар тэжээл 12,0 тонныг  бэлтгэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс хадлан 5,2 мянган тонноор доогуур, гар тэжээл 4.4 тонноор дээгүүр гүйцэтгэлтэй байна.

Г.СҮХЭЭ

関連ニュース
コメント