Эх орондоо эргэн суурьших Монголчуудаа дэмжих зөвлөлгөөн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-16 13:17:26

Монгол Улсын Гадаад хэргийн яам Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран энэ сарын 16-17-ны өдөр “Хилийн чанадад оршин суугаа болон эх орондоо эргэн суурьших Монгол Улсын уугуул иргэдийг дэмжих арга зам" сэдэвт зөвлөлгөөнийг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Тус зөвлөгөөнд төрийн болон  төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч байгаа өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монгол Улсын иргэдийн мэдлэг, туршлага, оюуны чадвар, нэр хүнд, харилцаа холбоог дотоодын байгууллага, иргэдтэй холбож хамтын ажиллагаа өрнүүлэх, тэднээс гаргасан оновчтой санал, санаачилгыг дэмжиж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, гадаадад төгссөн мэргэжилтнүүдийг дэмжих, эргэн ирж суурьших тогтолцоог бүрэлдүүлэх замаар хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдээс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэх арга замуудыг хэлэлцэж байгаа юм.

Зөвлөгөөнийг нээж Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Энэ зарчим нь төрөөс хэрэгжүүлэх эдийн засаг, нийгмийн аливаа бодлого нь эх орондоо байгаа болон хилийн чанадад байгаа иргэдэд адил үйлчилнэ гэдгийг бататгаж байгааг онцлон тэмдэглээд, баримт бичгийн төслийг боловсруулахдаа хилийн чанадад буй монгол иргэд рүү чиглэсэн бодлогыг нэгтгэн зангидсан, алсыг харсан, эрх зүйн асуудлыг бүрэн хамарсан, судалгаанд тулгуурласан, иргэдийн саналыг авсан, бодит үр дүнгээр хэмжих боломжтой, амьдралд буусан энгийн байх зэрэг зарчмыг баримтлан ажиллахыг зөвлөмж болгов.

Энэхүү зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн Германы шилжилт хөдөлгөөн, хөгжлийн төвийн мэргэжилтнүүд  хөтөлбөрийг хэрхэн боловсруулах, үр дүнг урьдчилан тооцоолох аргачлалын талаар бусад орны туршлагаас танилцуулж, хөтөлбөрийн төсөлтэй холбогдуулан оролцогчид хэлэлцүүлэг хийж, хөтөлбөрийн ерөнхий агуулгыг танилцуулав.

関連ニュース
コメント